Говь-Алтай аймагт гурван удаа дараалан хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ
Говь-Алтай аймгийн Тонхил суманд гурав дахь удаагийн давтан газар хөдлөлт боллоо.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 2020 оны гуравдугаар сарын 27-ны 04 цаг 46 минут 42 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 29 км зайд магнитуд нь 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлт Тонхил сумын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл ирээгүй байгаа аж. Тус сумын холбогдох албаныхан одоогоор ойролцоох газар нутагладаг малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн тухай мэдээлэл авахаар ажиллаж байгаа ажээ.
Өмнө нь яг энэ газар буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 03 минут 11 секундэд 5.8 магнитудын хүчтэй газар газар хөдлөлт, 2020 оны гуравдугаар сарын 24-нд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 12 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ сарын 20-нд хамгийн хүчтэй буюу 5.8 магнитудын газар хөдлөлт болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.