Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх сарын 3-нд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд цахим хэлбэрээр оролцоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков мэдээллээ.
“Энэ жил Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Монгол Улсын төрийн тэргүүн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд манай хоёр орны түншлэлийг хөгжүүлэх шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэж А.Кобяков онцлон тэмдэглэв.
Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулдаг арга хэмжээнд оролцдог уламжлалтай. Түүнчлэн форумын спортын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ивээл дор зохион байгуулдаг Жигоро Каногийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээнд Монголын тамирчид тогтмол оролцдог.
Ташрамд сануулахад, Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулж, олон улсын бага хурал зохион байгуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.