С.Энхболд: 60-аас дээш насны иргэдэд вакцины нэмэлт тун хийхээр төлөвлөсөн
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг өнөөдөр танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хүүхдүүдэд өгөх уургийн бэлдмэлийг үйлдвэрлэнэ гэж мэдээлж байсан. Үүнийг үйлдвэрлэх судалгаа, шинжилгээ эхэлсэн үү?
-Манай улс уургийн бэлдмэл буюу глобулиныг 2000 оны эхээр үйлдвэрлэж байгаад түр зогссон байсан. Судалгааг дахин эхлүүлж, үйлдвэрлэх чиглэл өгнө. Одоогоор турших явц үргэлжилж байна. Үүнийг аль ч насныхан хийлгэж болдог онцлогтой. Энэ нь дархлалын системийг дэмжих зорилготой эсрэг бие гэсэн үг юм. Эхний ээлжинд 12-оос доош насны хүүхдэд хийнэ. Ялангуяа ханиад, томууны улирал эхэлж байгаа энэ үед, глобулины үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл, хүүхдийн дархлааг дэмжих боломжтой гэж үзсэн тул судалгааг эрчимжүүлээд байна.
-Хичээл сургууль орж байгаатай холбогдуулан хүүхдүүдээс шинжилгээ авч байна. Бага насны хүүхдүүд хамрын салстаар шинжилгээ өгөхөд зовуурь ихтэй байгаа асуудал байна ?
-Хүүхдээс заавал хамрын салстаар ПСР шинжилгээ авах шаардлагагүй, залгиураас авах боломжтой.
-Засгийн газраас хичээл сургуулийг ирэх сараас эхлүүлэх шийдвэр гаргасан. Одоогоор хүүхдийн өвчлөл ямар хувьтай байна вэ ?
-Хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 25-30 хувийг эзэлж байсан, одоо ч хэвээрээ байна. Өдөрт гарч байгаа тохиолдлын 30 хувийг хүүхэд эзэлж байна гэсэн үг. Гэхдээ насны бүлгээр нь авч үзвэл 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл вакцинжуулалттай холбоотойгоор харьцангуй буурч байна. Тодруулбал, хүүхдийн өвчлөл дотроо 12-17 насныхны өвчлөл 16 хувийг эзэлж байсан бол одоо 6 хувь болж буурсан байгаа юм. Харин эсрэгээрээ хүүхдийн өвчлөл дотроо 5-11 насны хүүхдийн өвчлөл 40 хувь болж нэмэгдсэн.
-Хичээл, сургууль эхэлж байгааатай холбоотойгоор хүүхэд бүрээс шинжилгээ авах уу?
-Сургууль, цэцэрлэг эхлэх үед хүүхдүүдээс толгой дараалан шинжилгээ авахгүй. Тухайлбал, тухайн сургуульд нэгдүгээр ангид 100 хүүхэд байдаа гэж бодоход, 5-10 хүүхдийг түүврээр сонгон авч шинжилгээ хийнэ. Хүүхэд бүрээс шинжилгээ авна гэсэн ойлголт байхгүй.
-Вакцины нэмэлт тунг нийт иргэддээ хэзээнээс хийж эхлэхээр төлөвлөж байна вэ?
-Коронавирус бол дэлхийд шинэ вирус бөгөөд одоо ч судалгаа өрнөж байгаа. Шинээр гарсан вакцинууд бүгд судлагдаж, үр дүнгүүд нь томоохон сэтгүүлд хэвлэгдэж эхэллээ. Манай улс ч дотооддоо судалгаа явуулж, үр дүнд хүрч байна. Иргэд Синофармын вакцин хийлгэсэн хүн Файзерын вакцин хийлгэж болох эсэх талаар асууж байна. Нэмэлт тун хийх судалгааны ажил эхэлсэн бөгөөд үр дүн гарч байгаа. Гэхдээ ДЭМБ нэмэлт тунгийн асуудалд нухацтай хандаж байна. Учир нь дэлхийн улс орнуудад вакцинжуулалт хангалтгүй байна. Зарим улс орон нийт иргэдийнхээ 10 хувийг ч вакцинд хамруулж чадаагүй байна. Тиймээс ДЭМБ-аас нэмэлт тун хийх асуудалд хүлээцтэй хандаж, дүгнэлт өгнө гэсэн шийдвэртэй байгаа. Вакцинжуулалт өндөр хувьтай байгаа улс орон, тухайлбал Израйлд гуравдахь тунгаа эхэлчихсэн.
Манай улс урьдчилсан байдлаар, 60-аас дээш насныханд нэмэлт тун хийх судалгааг эхлүүлсэн бөгөөд ойрын хугацаанд дэлгэрэнгүй мэдээлнэ.
-Вакцины нэмэлт тунг төлбөртөй хийхээр төлөвлөж байна уу?
-Одоогоор Засгийн газраас вакцин төлбөртэй хийх шийдвэр гаргаагүй. Засгийн газраас вакцины гуравдахь тунг татан авах ажлаа үргэлжлүүлж нөөц бүрдүүлээд байгаа тул төлбөрийн асуудал яригдахгүй.
Нэмэлт тунд Файзерын вакциныг сонгож байгаа. Манай улсад байгаа 60-аас дээш насны 450 мянган иргэнд хийх нөөц бүрдэж, төлөвлөгөөг бэлдсэн.
-Хичээл сургууль эхэлснээр, халдварын тархалт нэмэгдэж хөл хорио тогтоох магадлалтай гэж яригдах боллоо. Энэ асуудалд албан ёсны тайлбар өгнө үү?
-Одоогоор ЭМЯ болон УОК-д хөл хорио тавих асуудал яригдаагүй. Би өөрөө эцэг хүний хувьд хоёр жил сургууль завсардсан хүүхэддээ санаа зовж байна. Тухайн хүүхдэд алсдаа ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс ЭМЯ-наас аль болох хөл хорио тавихгүй, хүүхдийн хичээл сургуулийг эхлүүлж, халдвар хамгааллыг ягштал баримтлах бодлого баримтлах зорилготой байна. Үүнд эцэг эхчүүд хариуцлагатай хандах шаардлагатай.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн ПСР шинжилгээний оношлуурыг хэрхэн ашиглаж байна вэ, үйлдвэрлэл зогссон гэсэн мэдээлэл гарах болов?
-Тус оношлуурыг ЭМЯ-наас дэмжиж Монголдоо үйлдвэрлэж байгаа. Нэг оношлуур 31 600 төгрөгийн өртөгтэй. Зарим эрүүл мэндийн байгууллагад оношилгоонд ашиглаж байна. Үйлдвэрлэл зогссон зүйл огт байхгүй. ЭМЯ-наас худалдан авалт хийж байна. Эхний судалгаа гарч, гэрчилгээгээ аваад үйлдвэрлээд явж байгаа. Энэ долоо хоногоос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.