Холбооны Нөөцийн банкны тайлан тэнцэл анх удаа 5 их наяд ам.доллар давлаа

Холбооны Нөөцийн банкны тайлан тэнцэл анх удаа 5 их наяд ам.доллар давлаа

Цар тахлын үед санхүүгийн зах зээлээ хамгаалахаар бонд худалдан авах томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Холбооны Нөөцийн банкны тайлан тэнцэл анх удаа таван их наяд ам.доллар давлаа.

Тус банкны актив гуравдугаар сарын 25-наас өмнөх долоо хоногийн хугацаанд 586 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 5.25 их наяд ам.доллар хүрсэн байна. Мөн АНУ-ын арилжааны банкнуудын Төв банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийн хэмжээ 50.8 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Цар тахлаас үүдэж хөрөнгө оруулагчид хөдөлгөөнд ороод байгаа энэ үед Холбооны Нөөцийн банк санхүүгийн зах зээл, эдийн засагтаа зээлийн эргэлтийг тасалдуулахгүйн тулд санхүүжилтийн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоо хэрэгжүүлж байгаа бонд худалдан авах хөтөлбөр нь сүүлийн санхүүгийн хямралын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс илүү өргөн хүрээг хамрах болоод байна. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл "Эдийн засгаа дэмжихийн тулд бараг хязгааргүй зээл олгоно" гэж онцоллоо.

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“Одоогийнх шиг ийм нөхцөл байдалд бид зээл олгох тусгай эрхээ хэрэгжүүлдэг. Үүн дээр ганц хязгаар нь Сангийн яам бидэнд хэдий хэмжээний дэмжлэг үзүүлэх вэ гэдгээс шалтгаална. Бид олгож байгаа зээлийн эрсдэлээ бүрэн хаах шаардлагатай, ингэснээр мөнгө алдахгүй гэсэн үг. Алдагдал хүлээх асуудалд бидэнд хязгаарлалт байдаг гэдэг утгаараа энэ бол зүгээр нэг хоосон чек биш. Гэхдээ Сангийн яамнаас нэг ам.долларын алдагдлыг батлан даах нь 10 ам.долларын зээл олголтыг дэмжиж өгдөг.

Бид хөндлөнгөөс оролцож, олгогдсон онцгой эрхээ хэрэгжүүлэх замаар тэрхүү зээлийг орлуулах боломжтой. Бид үүнийг хийх болно. Зээлийн урсгал зогсоод байгаа зах зээл болгоныг авч үзээд, энэ онцгой нөхцөл байдалд түр зуур хөндлөнгөөс оролцож, зээл олгоод явах боломжтой.

Бид ийм арга хэмжээг урьдын адил шийдэмгий хэрэгжүүлэх болно. Зарчмын хувьд шинэ төрлийн “коронавирус”-ийн дэгдэлтийг харьцангуй богино хугацаанд хяналтдаа оруулж чадвал эдийн засаг эргээд хэвийн горимдоо орно. Эдийн засаг аль болох эрчтэй сэргээсэй гэж хүсэж байна.

Бидэнд мэдэхгүй байгаа зүйлс бас байна. Халдварыг аль болох хурдан зогсоож, байдлыг гартаа авбал эдийн засгийн сэргэлт төдий чинээ хурдан ирэх болно. Одоогийн нөхцөл байдалтай харьцуулахаар тохиолдлууд өмнө нь гарч байгаагүй. Бидний мэдэж байгаагаар II улиралд эдийн засгийн идэвхжил ихээхэн саарах магадлалтай байна. Хэдий тийм боловч би болон бусад олон хүний хүлээж байгаачлан оны хоёрдугаар хагаст эдийн засаг эргээд хэвийн байдалдаа орж, эргэн сэргэх байх. Яг хэзээ вэ гэдгийг нарийн хэлэхэд үнэхээр хүнд байна. Вирусийн дэгдэлтээс ихээхэн хамаарна. Тэгэхээр цаг хугацааны асуудал “COVID-19”-өөс хамаарна.

Би болон манай баг хамт олон АНУ-ын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдэнд үйлчлэхийн төлөө анхаарч ажиллаж байна. Бидний хийдэг зүйл бүх америкчуудад чухал гэдгийг бид мэдэж байгаа болохоор чармайн ажиллаж байна. Бидний хувьд улс төрөөс бүрэн ангид, аль нэг намаас хамааралгүй байдлаар ажиллах нь бүх америкчуудад үйлчлэх хамгийн шилдэг арга зам юм. Бид үүнд анхаарч байна. Хөндлөнгийн хэн нэгэн бидний байр суурьт нөлөөлөхийг бид зөвшөөрөхгүй.

Үнэхээр онцгой нөхцөл байдал үүсээд байна. Байдаг нэг уналт биш. Бид өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаагаа зогсоож, нийтийн эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг хүсээд байна. Ард иргэд ч нийтийн сайн сайхны төлөө үүнийг даган биелүүлж байна. Саяхан батлагдсан хууль нь тэдгээр хүмүүст дэмжлэг болж, тогтвортой байдал бий болгоно. Холбооны Нөөцийн банк дэмжлэг үзүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Эдийн засгийн сэргэлтийг аль болох хангалттай түвшинд хүргэхэд бидний хэрэгжүүлж байгаа бодлого маш чухал юм” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Bloomberg.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.