УИХ-ын дарга БАНКНЫ салбарынхантай өргөтгөсөн уулзалт хийлээ

УИХ-ын дарга БАНКНЫ салбарынхантай өргөтгөсөн уулзалт хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. (2020.03.27)

Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байгаа талаар товч танилцуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын зүгээс коронавирусний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг А, Б, В хувилбараар гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг сүүлийн гурван 7 хоногийн турш Сангийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ, Монголбанк, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж тооцоо судалгаа хийн, дээрх төлөвлөгөөг боловсруулж, саналаа Засгийн газарт хүргүүлсний дагуу Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж байна. 

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг нэг сарын хугацаанд МҮХАҮТ-тай хамтран хүнсний хангамжийг тогтворжуулах, ноолуур, алтны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр тооцоо судалгаа хийж, дүгнэлт гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгох схемийг гаргасан нь хэрэгжих шатандаа ороод байна.  

Энэ мэтчилэн УИХ шинжлэх ухааны тооцоолол, судалгаанд суурилж, нийгэм, эдийн засаг дахь хүлээлт, шаардлагыг зөв удирдах чиглэлийг баримтлан ажилласан. Ажлын хэсгүүд УИХ-ын хаврын чуулганыг цахимаар хуралдуулах бэлтгэлийг хангахаас эхлээд аж ахуйн нэгж, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх, бууруулах, цаашилбал ипотекийн  зээл, зорилтот бүлэгт хандсан арга хэмжээ, Тавантолгойн ногдол ашиг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн, арга хэмжээ авч байна гэлээ. 

Банкны салбарынхантай өмнө нь цахимаар уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналуудтай танилцаад, Монголбанктай хамтран холбогдох шийдвэр гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ удаагийн уулзалтаар ажил хэрэгч санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Улстөржих, талцах цаг биш. Төр, хувийн хэвшил түншилж, хүчээ нэгтгэх, нийтийн дайсан болсон корона вирусийн эсрэг хамтран тэмцэж, хямралыг давах шаардлагатай байна” хэмээн онцлоод, банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гарган ажиллах цаг болсныг анхааруулав. 

Уулзалтаар хөндөгдөж буй асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон арилжааны банкны төлөөлөл хамтран ажиллах арга хэлбэр, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тухайлбал, зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дурдав. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг. Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарынханд хэлэхдээ,

-Цаг үеийн шаардлагыг харгалзаж, хамтарч нэгдэн, ойлголцож ажиллах,

-Бэлэн бус төлбөр тооцоог идэвхжүүлэхэд анхаарсан бодлого гаргаж, Монголбанктай хамтран ажиллах

-Банкны салбарт дижитал шилжилт хийх 

-Монголбанкнаас зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих 

-Банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах арга хэмжээ авах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хэрэгжүүлэх чиглэл өглөө.

Тэрбээр “Хүн төрөлхтөн ойрын үед тохиолдоогүй том сорилтын үед ирээд байна. Сорилт тулгарсан үед харилцагчдаа бодсон стандарт бус шийдвэр гаргах шаардлага гарцаагүй гарна. Эцсийн эцэст харилцагч нар чинь муудвал банкуудын байдал хүндэрнэ" гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.