Д.Ангар: Зээлийн хүүг хатуу бодлогоор бууруулахгүй бол Монголд хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй

Д.Ангар: Зээлийн хүүг хатуу бодлогоор бууруулахгүй бол Монголд хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа зээлийн хүүгийн асуудал иргэд, аж ахуйн нэгж, улсын хөгжилд хэрхэн дарамт учруулж байгаа талаар эдийн засагч Д.Ангар 

 

-2021 ондоо Монгол Улс эдийн засгийн өсөлтийн төлөвөө хадгалж чадах уу?

-Эдийн засаг хүнд байна. Нийт иргэд, аж ахуйн нэгжийн асуудал бүр ч хүндэрлээ. Гэтэл манай дарга нар эдийн засаг гэдэг ерөнхий ойлголтоо хараад байдаг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр эдийн засгийн өсөлтөө тооцож байгаа нь шийдвэр гаргагчдыг ихээр төөрөгдүүлж байна. Эдийн засаг нь төрөлжсөн, олон төрлийн үйлдвэрлэлтэй, жижиг, дунд, том аж ахуйн нэгж нь жигд хөгжсөн улсад энэ хэмжилт зохимжтой. Манай улсын хувьд үйлдвэрлэл хомс, ажилгүйдэл, халамж хавтгайрсан нэг тал байхад нөгөө талд уул уурхай нь эдийн засагтаа өндөр дүнтэй, уул уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа бүлэг хүмүүсийн асуудлыг нийт 3.2 сая хүнтэйгээ дундажлаад үүнийгээ нэг хүнд ногдох ДНБ гэсэн үзүүлэлтээр гаргаж байгаа нь буруу.

Өөрөөр хэлбэл, Монголбанк, Сангийн яамнаас манай улсын эдийн засгийг ирэх онд 5-6 хувь өснө гэж ярьж байгаа нь зөвхөн уул уурхайн салбарын л өсөлт. Үүнээс биш 3.2 сая хүнд хамаарахгүй. Бодитоороо уул уурхайн салбараас бусад салбар, иргэн, аж ахуйн нэгжийн орлого өсөөгүй. Улс орны асуудлаа төр, засгийн бодлогоор шийдвэр гаргагчид ойлгох цаг болсон. 2021 оны төгсгөл, 2022 оны эхний нэг, хоёрдугаар улиралд эдийн засгийн хүнд жилүүд биднийг хүлээж байна. Цаг уурын хувьд ч хүйтэн, хүйтнийг болон цар тахлыг дагаж өрхийн зардал өсдөг. “Эрдэнэт” үйлдвэрийн хуримтлагдсан ашгаар иргэдийн цахилгаан, дулааныг төлсөн нь энэ ондоо дуусна. Үүнээс хойш үргэлжлүүлэх гэсэн ч мөнгө алга. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орно. Эрээний хил гацахад үйлдвэрлэлгүй улс яаж байна. Монгол Улсын эдийн засгийг Эрээний гацааны дарга л шийдэж байна шүү дээ. Манай дарга нар бодит асуудлаа ойлгооч ээ. Долоон буудлын Должин эмээгийн ТҮЦ-тэй уул уурхайн салбарыг дундажлаад эдийн засгаа өсөөд байна гэж болохгүй. Энэ төөрөгдлөөсөө гарах хэрэгтэй. Тэрбумтны орлого л өсөөд байгаа болохоос биш жирийн иргэдийн орлого өсөөгүй.

-Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байсан ч нийгэмд ядуурал, ажилгүйдэл буурдаггүй. Энэ байдлыг яаж засаж, эдийн засгаа хэрхэн бодитоор үнэлдэг болох вэ?

-Миний бодлоор уул уурхайн салбарын өсөлтөө тусад нь гаргаж байгаад бусад эдийн засгийн асуудлаа тооцоод үзвэл маш харамсалтай дүр зураг гарна. Заримдаа Африкийн улсуудаас ч манай иргэд ядуу амьдарч байгаа. Зарим нь хүнсээ авч идэж чадахгүйд хүрч байна. Эдийн засгийг одоогийн тооцооллоороо гаргахаас гадна уул уурхайгаас бусад салбарын үзүүлэлтээ дангаар нь гаргаад үз. Дандаа хасахтай гарна шүү.

-Монгол Улсын цар тахлын үед эдийн засгаа дэмжихээр гаргасан хамгийн том төлөвлөгөө нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” шүү дээ. Энэ төлөвлөгөөг та анхнаас нь хэрэгжих боломжгүй гэж байсан. Өнөөдөр таны бодол өөрчлөгдсөн үү?

-Би 10 их наядын хөтөлбөр анх зарлагдахад л “Хэрэгжихгүй” гэж хэлж байсан. Энэ бол Монголбанк, арилжааны банкуудын нийлж зохион байгуулалттай гаргасан “мөнгө угаалт” гэхэд бараг л хилсдэхгүй шүү. Арилжааны банкуудын чанаргүй зээлийг татвар төлөгчийн хөрөнгөөр цэвэрлэсэн арга хэмжээ болсон. Шинэ зээлийн эх үүсвэр гэж байгаа боловч ерөөсөө эдийн засагт шинэ зээл бий болоогүй. 10 их наядын хөтөлбөрийг шалгаад эхэлбэл маш таагүй дүр зураг гарна. Ерөөсөө мөнгө хүүлэлт. Гурван хувийн хүүтэй зээл олгоод, түүнийгээ эргээд банканд 8-9 хувийн хүүтэй хадгалуулсан дүр зураг харагдана. Энэ хямралын үед үнэндээ бол хадгаламж өсөх ямар ч боломжгүй, гэхдээ л өссөн байна. Энэ бол 10 их наядын мөнгө буцаад банкны хадгаламж болсны илрэл. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг Монголбанк нэмж зургаан хувийн хүү төлж санхүүжүүлсэн. Арилжааны банкууд түүхэн дээд ашгаа энэ жилүүдэд хийсэн байна. Үр дүнд нь, арилжааны банкуудад их хэмжээний хүүгийн орлого өгсөн Төв банк өөрөө бараг дампуурч, түүхэн дээд алдагдал хүлээлээ. Төв банк зохиомол алдагдал хүлээгээд, тэр алдагдал нь банкны системийн ашиг болдог байж болохгүй. Энэ бүх асуудалд хамгийн үнэн зөв шүүгч цаг хугацаа. Асуудал нэгээс хоёр жилийн дараа яалт ч үгүй шалгагдана.

Монголбанк 2020 онд 410 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан нь арилжааны банкуудын ашиг болсон

-Сангийн яамнаас 10 их наядын хэрэгжилтийн талаар тоон мэдээллийг тогтмол өгдөг. 10 их наядын төлөвлөгөө “мөнгө угаалт” юм бол яамнаас гаргаж байгаа мэдээлэл нь ч худал болж таарах байх?

-Ямартаа ч арилжааны банкуудын хадгаламж сүүлийн хоёр орчим жилд яагаад өсөв, хадгаламжийн эх үүсвэр юу байв гэдгийг л шалгаад гаргаад ир. Зах зээлийн зарчмаараа ашиг хийгээгүй. Монголбанкнаасаа ашиг хийсэн. Монголбанкны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна лээ. Дүрмийн сан нь хасах болсон. Монголбанк 2020 онд 410 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ онд үүнээс их алдагдал гарна. Энэ алдагдал арилжааны банкуудын ашиг гэсэн үг.

-Цар тахалтай, эдийн засаг хямралтай үед зах зээлийн зарчмаасаа гажуудаж арилжааны банкууд өндөр ашигтай ажиллаад зогсохгүй хадгаламж нь ч өсжээ. Гэтэл иргэдийн хадгаламжийн хүүг огцом буурууллаа. Яагаад тэр вэ?

-Засгийн газар, УИХ-аас арилжааны банкуудад “Иргэд, аж ахуйн нэгж хүнд байна. Зээлийн хүүгээ буулгаад өгөөч” гэсэн хүсэлт тавьсан гэж би харж байгаа. Гэтэл арилжааны банкуудаас хадгаламжийн хүүг бууруулбал зээлийг хүүг буулгана гэсэн шантааж орсон байх. Яагаад ч юм УИХ, Засгийн газраас харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг бүр тэг болгох тухай хууль баталсан. Хоёр ч хууль гаргасан. Жил гаруй нь өмнө 15 хувь байсан хадгаламжийн хүү одоо 7-8 хувь болсон, богино хугацаатай нь бүр хүүгүй байгаа. Ингэж төрийн гараар могой бариулсан мэт зүйл болжээ. Төрөөр хадгаламжийн хүүгээ бууруулчихаад зээлийн хүүгээ буулгаагүй. Энэ бол бусад улсад эдийн засгийн том гэмт хэрэг. Бүхэл бүтэн төрийг хуурч хууль гаргуулсныхаа дараа арилжааны банкууд зээлийн хүүгээ буулгаагүй байна шүү дээ.

-Монгол Улсад тогтсон зээлийн хүү дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл Монголбанкнаас зээлийн жигнэсэн дундаж хүү буурсан гэж мэдэгдсэн шүү дээ?

-Дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй улс бол Монгол. Бусад улсын тогтсон жишгээр авч үзвэл ипотекийн зээлийн хүү 1-3 хувь, бизнесийн зээлийн хүү 5-8 хувь, хэрэглээний зээл буюу кредит картын зээл зэрэг 15 орчим хувь байдаг. Гэтэл Монголд ипотекийн зээлийн хүү найм, бизнесийн зээлийн хүү 20, шуурхай зээл буюу банк бус санхүүгийн байгууллага, ломбардын зээл 100 хувь, ломбард заримдаа 200-300 нь ч хувьтай яваад байна. Сүүлийн хэдэн жил зээлийн хүү огт буугаагүй. Харин Монголбанкнаас зээлийн жигнэсэн дундаж хүү буугаад 14 хувь болсон гэж гаргаж байгаа. Энэ бол ДНБ-ээр эдийн засгийн өсөлтийг тооцохтой адил хоорондоо хамааралгүй зүйлүүдийг дундажлаад, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлээ нөгөө 20 хувийн хүүтэй зээлтэйгээ дундажлаад 14 хувь гаргаж байгаа үзүүлэлт. Ингэж зээлийн хүү буусан гэсэн буруу мэдээллийг олон нийт, шийдвэр гаргагчид өгч байна. 14 хувь гэдэг сарын 1.2 хувийн хүүтэй зээл шүү дээ. Хэзээ ч ийм зээлийг жижиг, дунд аж ахуйн нэгж авч чадахгүй. Том компаниуд авдаг байж магадгүй. Том компаниудын авч байгаа хамгийн бага хүүтэй зээлийг Монголбанк дундаж хүү гэж зарлаж байгаа юм. Төрөөс гаргадаг тоо, статистик гэдэг зүйл эдийн засгийн өсөлт, зээлийн хүүгийн жишээн дээр л утгаа алдсан гэдэг илт харагдана. Энэ тоонд нь шийдвэр гаргагчид хулхидуулчихдаг.

-Зээлийн хүүг бууруулах шилдэг арга юу вэ?

-Бусад улс орны сүүлийн 50 жилийн туршлагыг аваад үзэхээр зээлийн хүүг буулгадаг ганцхан стандарт арга байна. Англи, Америк, Герман, Итали, Япон, Солонгос гээд 80 гаруй улс зээлийн хүүг буулгахдаа “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хууль” гаргасан. Тэр хуулиар тогтоосон зээлийн хүүгийн дээд хязгаар дотроо санхүүгийн байгууллагууд нь үйл ажиллагаа явуулдаг. Төр гэж байгаа бол аливаа улсад зээлийн хүүг маш хатуу зохицуулдаг. Зээлийн хүү онцгой бүтээгдэхүүн. Төрөөс тусгай зөвшөөрөл авдаг банк өөрөө төрийн зохицуулалт дор явах ёстой.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулахад төрийн хатуу бодлого үгүйлэгдэж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Эдийн засгийн хөдөлгөх хүч аж ажуйн нэгжүүдэд зүй зохистой, эрх ашигт нь нийцсэн хүү очих ёстойг төр нь ойлгоод хуулиндаа оруулаад зах зээлийн эдийн засагтай бүх улс зээлийн хүүгээ төрөөс хатуу зохицуулдаг. Монголд бол төр энэ үүргээсээ бултаад, арилжааны банкны салбар руу орохгүй гээд байгаа юм. Ингээд үр дүнд нь зээлийн хүү хамгийн өндөр Монгол Улсад үйлдвэрлэл устчихлаа. Үйлдвэрлэл гэдэг чинь урт хугацаанд үр ашгаа өгдөг бизнес. Худалдааны бизнесээс огт өөр. Монголын санхүүгийн систем нэгдүгээрт хүү өндөр, хоёрдугаарт хугацаа богино зээл өгдөг. Тийм болохоор үйлдвэрлэлийн салбарыг санхүүгийн систем нь унагааж, сүүлийн 30 жил импортлогч бус хэрэглэгч орон болголоо. Дотооддоо 50 хувийн зах зээлээ хангадаг ч үлдсэн хувьдаа өндөг импортолж иддэг улс Монголоос өөр байхгүй. Хятадаас нарийн ногоогоо авч идэж байна. Аливаа юмыг хийе гэхээр зээлийн хүү өндөр, зээлийн хугацаа богино байна. Үйлдвэрлэлгүй улс гэхээр үнэхээр эмгэнэл шүү. Одоо Монголын төр хүссэн хүсээгүй зээлийн хүүгийнхээ зохицуулалт руу орох ёстой. Ингэж байж л Монгол Улс улс шиг болно. Үйлдвэрлэл хөгжинө. Үүнээс биш нэг жилийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлээр ашигтай байдаг үйлдвэрлэл хаана ч байхгүй. Жилийн тав хүртэлх хувийн хүүтэй, 5-8 жилийн хугацаатай зээл авч байж л үйлдвэрлэл хөгжинө. Эрээнээс хамаарал нь багасна. Наанадаж жигнэмэг, ургамлын тос, масло, хуурай сүүгээ монголчууд өөрсдөө бүрэн хийх ёстой. Монгол хөдөө аж ахуйн орон. Гэтэл хөдөө аж ахуйн түүхий эдээр хийх бүтээгдэхүүнээ гаднаас аваад байж болох уу, үнэхээр харамсалтай. Монголын төр зээлийн хүү дээр хатуу бодлого хэрэгжүүлэхгүй энэ чигээрээ явах юм бол асуудал эрс хүндэрнэ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдана шүү.

-Үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн цаад шалтгаан зээлийн хүү өндөр асуудал гэдгийг та хөндөж ярьж байна. Үйлдвэрлэлгүй улсад мэдээж асуудал бэрхшээл мундахгүй. Ажилгүйдэл, ядууралд ч үйлдвэрлэл нөлөөлж байна шүү дээ?

-Зээлийн хүүгээ өсгөөд үйлдвэрлэлээ дампууруулаад иргэдээ ажилгүй, ядуу болгочихоод тэрнийхээ шийдлийг халамж гэж хараад баахан хүмүүст халамж өгчихлөө. Ажилгүй халамж авсан хүмүүс яах юм. Архи л ууж байна. Үүнийг яаж өөрчлөх вэ гэхээр үйлдвэрлэлийг л хөгжүүлнэ. Үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. 200-300 мянгаар нь ажлын байр бий болгож байж Монгол Улс ядуурлаас гарна. Монгол Улс эхэндээ халамжаа улсын төсвөөсөө өгдөг байлаа. Сүүлдээ улсын төсөв алдагдалтай болоод ирэхээр халамжаа гадаадын хүүтэй зээлээр санхүүжүүлж байна. Ийм улс байх уу. Энэ асуудалдаа УИХ яаралтай арга хэмжээ авах ёстой.

-Зээлийн хүүг төрөөс зохицуулах гэхээр арилжааны банкуудын эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ удаад ч энэ тал дээрээ асуудал гацах вий?

-Арилжааны банкууд бизнесийн байгууллага учраас өөрсдийнхөө лоббиг хийнэ, тэр мэдээж асуудал. Гэхдээ асуудлыг давах хэмжээний төрийн хүн хэрэгтэй. Ард түмний болон нийт аж ахуйн нэгжийн эрх ашигт хүрсэн шийдвэрийг гаргаач ээ. Манайд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хууль байхгүй. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүн байхдаа нэг хууль санаачилж байлаа. Нөгөө нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хууль санаачилж байсан. Тус хуулиудыг арилжааны банкууд, Төв банк нь ч эсэргүүцсээр байгаад унагаасан. Монголбанк төрийн хэрэгжүүлэгч институт, УИХ ямар хууль гаргана, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийг хэлэлцүүлгийн шатанд олон нийтэд эсэргүүцсэн ноцтой асуудал, ёс зүйн алдаа гаргаж байсан. Үүний эсрэг УИХ, Засгийн газар зогсох ёстой байсан. Монголд өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжээ бодож, үйлдвэрлэлээ хөгжүүлье гэсэн бодлого байгаа л бол "Та нарын эрх ашигт нийцсэнгүй, энэ хуулийг унагая" гэдэг шийдвэр гаргаж болохгүй.

-Та ер нь Монголбанкны бодлогыг нэлээд эсэргүүцэж байгаа бололтой. Нөгөө талаас Төв банкны бодлогыг яаж засаж, сайжруулах тухай ч боддог байх?

-Монголбанк эдийн засгийг зохицуулдаг төрийн хамгийн чухал институц. Гэтэл Монголбанканд том даргаасаа мэргэжилтэн хүртлээ Монголын эдийн засгийг бодитоор ойлгож байгаа нэг ч хүн алга. Хэрвээ байсан бол ийм бодлого явуулахгүй. Тэгэхээр миний санал Монголбанкны ерөнхийлөгчөөр гаднаас шилдэг мэргэжилтэн авчирч ажиллуулах хэрэгтэй. Аливаа улсын эдийн засгийг босгосон, аж ахуйн нэгжийн хүндрэлийг шийдсэн, зээлийнх нь ачааллыг бууруулсан хүнийг урьж ажиллуулъя. Бид өнөөдөр асуудлаа ойлгодог хүнийг хүлээх цаг хугацаагүй болчихлоо. Энэ хооронд улсын эдийн засаг мөхөх нь ээ. Улсыг ийм байдалд хүргэсэн олон хүчин зүйл байгаа ч үүний эхний тав дотор ордог буруутай институц нь Монголбанк. Сүүлийн 30 жил дандаа буруу бодлого явуулсан. Зөв бодлого явуулахад дотоодоос боловсон хүчин байгаа гэдэгт би итгэхгүй байна. Байсан ч асуудал маш ужгирсан, дээр нь дотоодын боловсон хүчин авлига, хээл хахууль, шантааж гээд л олон асуудал дотроо орчихдог, тэр асуудлуудаас гарч чаддаггүй. Гаднаас Төв банкандаа ерөнхийлөгч, шилдэг эдийн засагч ажиллуулсан, зүйтэй бодлого хэрэгжүүлж байсан туршлагууд бусад улсад байдаг. Монголд үнэндээ Төв банкны ерөнхийлөгчийг арилжааны банкууд нь шийдэж байгаа асуудал яваад байна. Монголбанканд ажиллаж байсан залуучууд хүртэл ажилгүй болохоороо арилжааны банканд ордог жишээ ч олон байгаа нь асуудлын нэг илрэл.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Зөрчил гаргасан миний буруу уучлаарай 2021-09-12

Япон дахь монгол эмэгтэйчүүд Монголын баг тамирчдыг дэмжих аян зохион байгууллаа 2021-09-13

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадамын ах Тоёотa приус-50 маркийн машинаар бэлэг барьсныг Ерөөлч зам тосон гардуулжээ. 2021-09-17

Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдлээ 2021-09-29

Х.Бат-Ялалт: Иргэд сонгууль надад хамаагүй, БҮХ НЭР ДЭВШИГЧ ХУЛГАЙЧ гэж харж байна 2021-10-26

Д.Ангар: Зээлийн хүүг хатуу бодлогоор бууруулахгүй бол Монголд хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй 2021-10-26

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Х.Нянбаатараа Ми Дүү эргүү тэнэг л байж болохгүй шүү! 2021-10-30

Б.ЖАРГАЛСАЙХАН: БАГШ ХЭНИЙГ ЗОДОХОО МЭДДЭГ БАЙВ... 2022-03-17

Өнөрцэцэг: Хөгжлийн банкны хулгайг яриад 2 сар боллоо. 2022-04-06

Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн сайдаа, би ажлаа хиймээр байна 2022-04-06

Цагдаагийн эхнэр ингэж бичжээ 2022-04-09