Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн сайдаа, би ажлаа хиймээр байна

Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн сайдаа,  би ажлаа хиймээр байна

Эрүүл мэндийн сайдаа,  би ажлаа хиймээр байна 
 
Өчүүхэн сэтгүүлч би вээр  хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аян хийгээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хооронд сайн нөхдийнхөө ач тусаар, мөн монголчууд та бүхнийхээ дэмжлэгээр   "Элэг нэгт монголчууд сан"- г үүсгэн байгуулж ХСҮТ- ийн  таван жил гацсан өргөтгөлийн байрыг улсын төсөвт суулгах бүх нийтийн лобби ажлыг эхлүүлснээр амжилттай барьж дуусган, ХСҮТ -ийг  сити томографи  аппараттай болгож, мөн ХСҮТ дээр хорт хавдартай элгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхэд шаардлагатай байсан тэрбум төгрөгийг улс даяар хамарсан  хандивын аян зохион байгуулсны зэрэгцээ  Нийслэлийн Засаг  даргын тамгын газар, НИТХ- тай хамтран тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг хөнгөлттэй үнээр оруулж ирсэний дараа  ХСҮТ ийн   алтан гарт эмч нар маань өнөөдөр 50 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийгээд байна. Мөн энэ хооронд эмч сувилагч , эмнэлгийн ажилтан нарыг мэргэжил дээшлүүлэх курст БНСУ, ОХУ, Казакстан улсуудад зорчин суралцах зардлыг сангаасаа гаргасаар өнөөдрийг хүрлээ. Одоо ч ХСҮТ ийн таван эмч Турк улсад сургалтад хамрагдах зардлыг Элэг нэгт монголчууд сангийн дэмлжэгээр шийдүүлж би дөнгөж сая гарын үсэг зурлаа.  Мөн 2020 онд СХД -ийн газрын албанаас авсан  7 га газрыг  шинэ эмнэлэг бариулах зориулалтаар  ХСҮТ д бэлэглэсэн  болно. Энэ мэтээр олон түмнийхээ  дэмжлэгээр хийж бүтээсэн ажилдаа урамшин ХСҮТ- ийн ТУЗ -д "Элэг нэгт монголчууд сан"  ТББ ийнхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад орж хууль журмын дагуу ТУЗ- д  миний бие  сонгогдсондоо баяртай байдаг. Гэвч 2021 оны 9 сард сонгогдсон ХСҮТ- ийн ТУЗ- ийн гишүүд өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадсангүй.  Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд ТУЗ -ыг баталсан ганцхан тушаал л гаргах ёстой. Гэвч тушаалаа гаргахгүй  тушсаар бүтэн  7 сар хүлээлгэлээ. Эрүүл мэндийн сайдаа,  би ажлаа  хиймээр байна. ХСҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг зарламаар байна, ХСҮТ-ийн санхүүд хөндлөнгийн аудит оруулмаар байна. Би үлдсэн ухамсарт амьдралаа хавдрын эсрэг сайн санааны үйлсэд зориулна гэж хорт хавдраар өнгөрсөн ижийнхээ алтан шарилын өмнө амласан  хүн. Тань шиг улс төрд крандуулж ирээд Эрүүл мэндийн сайд болчихоогүй. ХСҮТ- ийн ТУЗ- ийн гишүүдэд ажлаа хийх боломж олгооч... Яасан ичдэггүй юм бэ.. Өнөөдөр Монголд өдөр тутамд 13 хүн хорт хавдрын улмаас амь насаа алдаж байна. Өнөөдөр Монгол улс элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Өнөөдөр хорт хавдрын тусламж үйлчилгээ авах гэсэн иргэд ХСҮТ- ийн гадаа хэдэн сараар дугаарлаж эмчилгээ авч чадалгүй нас барж байна. Зүрх сэтгэл чинь өвдөхгүй байна уу...Таниас болоод ХСҮТ-д шийдвэртэй алхам хийж болохгүй байна... Сайд хийж чадахгүй юм бол саад болоод байлгүй зайлаад өгөөч.... Тушаалаа гаргахгүй юм бол өрөөний чинь үүдэнд очиж суулт зарлана гэдгээ үүгээр олон түмний өмнө мэдэгдэж байна.

 Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.