Ц.Билэгсайхан: ХӨСҮТ сүүлийн хоёр жил улаан бүс байсан учир засвар хийх боломж хомс байлаа
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхантай ярилцлаа.
-Ковид-19 цар тахлын урав дахь давлагаа эхэлж байхад та ажлаа авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхцөл байдал ямар байв. Ачаалал ихтэй байна уу?
-Намайг ажил авахтай зэрэгцээд цар тахлын гуравдугаар давлагаа нэмэгдсэн. Наймдугаар сарын сүүл, есөн сарын эхээр юм. Одоо ч халдварын тархалт өндөр хэвээр байна. Өдөрт тохиолдож байгаа тоо, өмнөх долоо хоногийн тооноос буурч байгаа ч Хүссэн хэмжээнд хурдтай буурахгүй байна.
-Монгол Улс цар тахлыг тоохгүй хаячихсан юм уу. Гэртээ нас барж байгаа тохиолдол нэмэгдэж, халдвар авч байгаа иргэдийн тоо бодитоор гарахгүй байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүний хувьд тайлбар өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн байгууллага бол үүргийнхээ дагуу эмнэлгийн тусламж үзүүлээд явж байна. Манай ХӨСҮТ-ийн хувьд 400 ор дэлгэсэн.
-Ор дүүрэн байгаа юу?
-Ор бол байнга дүүрэн байгаа. Эрчимт эмчилгээний заалттай хүнд, маш хүнд хүний тоо их байгаа. Монгол Улсын хэмжээнд орны зохицуулалт хийх баг ажиллаж байгаа. Энэ баг халдвар авсан иргэдийн биеийн байдлыг эрэмбэлж хэвтүүлэх юм. Нөгөө талаар өрхийн эмнэлгээс багц авч, гэртээ эмчлүүлж байгаа иргэд бий. ХӨСҮТ-д “Ковидын амбулатори” нээсэн. Үүгээр үйлчлүүлж байгаа иргэд маань үзлэг шинжилгээнд хамрагдаад, биеийн байдлаа сайжирч байгаа эсэхээ мэдээд явна гэсэн үг.
-Халдвар авсан иргэн дараалал хүлээхгүйгээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг үү?
-Тийм. Ялангуяа өрхийн эмнэлгийн хяналтад байгаа иргэд өөртөө санаа зовж байгаа бол энэ амбулаторид ирээд, хариулт авах боломжтой гэсэн үг.
-ХӨСҮТ-д маш хүнд хүн хэд байна вэ. Хамгийн удаан эмчлүүлж байгаа иргэн хэд хонож байна вэ?
-Ор хоног гэж ярьдаг. Нэг хүн дээрх эмчилгээний зардал тухайн хүнээс хамаарна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэвтэхээс өмнө болон хэвтсэний дараа эрэмбэлж байгаа. Шинж тэмдэг илэрснээс хойш эмнэлгийн тусламж аваад, 8-10 хоногийн дараа биеийн байдлыг нь эрэмбэлнэ. Маш хүнд, хүнд, дунд, хөнгөн гэж эрэмблээд дундаас хөнгөнд шилжсэн байх юм бол дараагийн зөвлөмжийг өгөөд гэрт нь гаргадаг. Ингэж орны эргэлтээ сайжруулдаг.
-Маш хүнд биеийн байдалтай хүн хэд байна вэ. Хэдэн хоног эмчлүүлж байна вэ?
-Тухайн хүнээсээ хамаараад хүндрэх эрсдэл гэж бий. Үүнд наслалт, хавсарсан суурь эмгэг орно. Өндөр настай, зүрх судасны эмгэгтэй, чихрийн шижин, бөөрний архаг хууч өвчтэй хүмүүс амархан хүндэрч байна. Манай ХӨСҮТ-ийн хувьд эрчимт эмчилгээний 15 ортой. Шаардлагатай тохиолдолд эрчимт эмчилгээний үйлчилгээг энгийн орон дээр ч үзүүлж байгаа.
-ХӨСҮТ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр барилга байшин нь муудсан гэх шүүмжлэл газар авч байна. Улаан бүсийг засаж янзлах боломж одоогоор байна уу?
-Үйлчлүүлж байгаа орчин тухгүй байна гэдэг санал гомдол бол ирж байна. Асуудал тулгамдаж байгаа хэвээр л байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ХӨСҮТ тэргүүн эгнээнд эмнэлгийн тусламж үзүүллээ. Ялангуяа гадаадын иргэн, олон улсын байгууллагын ажилчин, хүнд оноштой хүмүүс ХӨСҮТ-ийг зорьж ирдэг. Тэднээс баярлалаа гэдэг хариу авдаг ч барилга байшинтай холбоотой шүүмжлэл тасрахгүй байна.
ЭМЯ, Нийгмийн бодлогын байнгын хорооноос анхаарал тавьж, нөхцөл байдлыг тодруулж байгаа. 2013-2019 онд буюу өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум төгрөгөөр, есөн төрлийн засвар хийсэн. 2020 онд улсын хөрөнгө оруулалтаар 807, 2021 онд ЭМЯ-наас 688 сая төгрөг төсөвлөж, зургаан төрлийн засвар хийхээр төлөвлөж хийсэн. Манай төв өөрийн төсвөөр буюу 1.5 тэрбум төгрөгийн есөн төрлийн засвар хийж байна. Яаралтай тусламжийн барилгын ажил, захиргааны байрны хүлээлгийн байр, онош зүйн их засвар, суурин дижитал рентген өрөө, амбулаторийн засвар ерөнхийдөө хийгдээд дуусч байна. Сүрьеэгийн клиникийн барилга байшинтай холбоотой шүүмжлэл гарч байгаа. Иймд бид 250 сая төгрөгийн төсвөөр засвар хийх гэж байна. Одоо тендер зарлаад, сонгон шалгаруулалт явна. Дээр нь сүүлийн хоёр жил улаан бүсэд орж засвар хийх боломжгүй болоод байгаа. Тиймээс аль болох улаан биш, ногоон бүс, угтах үйлчилгээ гэх мэт анхлан иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хэсгүүдэд засвар орж байна.
-ХӨСҮТ өөрөөсөө 1.5 тэрбум төгрөг гаргаж, урсгал засвар хийнэ гэж ойлголоо. Өмнө нь зөвхөн улсын төсвөөр засвар хийдэг байсан талаар Д.Нямхүү дарга ярьдаг. Гэтэл та дарга болоод ХӨСҮТ-ийн хөрөнгөөр 1.5 тэрбум төгрөгийн засвар хийнэ гэж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Энэ оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Өмнө нь эрүүл мэндийн байгууллага төсөвт өртгөөр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байсан. Одоо бол өөрсдийн үйл ажиллагаагаар төсөв бүрдүүлж байна. Энэ төсвөөр тулгамдаж байгаа асуудлаа шийдэх эрхтэй болсон.
-Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүждэг болсноор хийж байгаа ажилдаа тохирсон шударга үнэлгээтэй болсон гэж харж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэг байна. Эмнэлгүүд чанар хүртээмжээ нэмэгдүүлж, шинэ технологи ашиглан өөрсдийн давуу талаа гаргаад явбал аль байгууллага чадаж байна тэр хэмжээгээр санхүүжилт босгох боломжтой болсон.
-ХӨСҮТ яг хэдэн барилгатай юм бэ. Бүх байшиндаа үйлчлүүлэгч авч чадаж байна уу. Хоосон хуучирч муудсан барилга байгаа юу?
-Манай төв эмнэлгийн тусламж үзүүлж байгаа 550 ортой. Үүний 400-д нь КОВИД-19 халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлж байгаа. Үлдсэн 150 нь бусад халдвараар өвчилсөн иргэдэд тусламж үзүүлж байгаа.
-Барилга байшин хэд байна вэ?
-Манайх есөн га талбай газартай, 28 байшинтай. Бид 28 байшингаа нэг дор засах боломж байхгүй. Дээр нь улаан бүсийн 400 ортой хэсэгтээ засвар оруулж болохгүй. Одоо бол ХӨСҮТ-ийн 15 хувьд л засвар хийж байна. Үлдсэн 80-85 хувь нь хүлээгдэж байна гэсэн үг.
-ХӨСҮТ-ийг 16 жил удирдсан Д.Нямхүү гэдэг хүн урсгал засвар хийгээгүй гэж шүүмжлүүлдэг. Тэр хүн хэдэн удаа ЭМЯ-нд завсар хийх шаардлагатай байна гэж хандсан бэ. Та аудит хийж үзсэн үү?
-Үе үеийн удирдлагууд байгууллагаа бодсон шийдвэр гаргаж явдаг. Би ч бас тэгж бодож байна. Бидний өмнө тулгамдсан асуудал олон байгаа. Би бол өмнөх үеийнхэндээ хүндэтгэлтэй хандаж байна. Энэ төвийг өдий зэрэгт авчирсан өмнөх үеийн ач гавьяа. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлдэг бодлоготой уялдаад засвар үйлчилгээгээ хийж чадаагүй байж мэднэ. Гэхдээ өнөөдөр өдий хүртэл аваад ирсэн уламжлалыг залуу үеийн бид хүндэтгэлтэй харах ёстой. Дээр нь ХӨСҮТ бол онцлогтой. Нэг талаас 550 ор дэлгэсэн эмнэлэг. Нөгөө талаа тандалт хариу арга хэмжээний баг гэдэг том бүтэцтэй. Энэ бүтэц халдварт өвчний талаар улс орон даяар тандалт явуулж хариу арга хэмжээ авдаг. Энэ нь үндсэн бүтцийн 1/3, маш том бүтэц. Нийтдээ 7-8 лаборатори бий. Энэ лабораторид өдөр тутмын шинжилгээ хийхээс гадна халдварт өвчнийг илрүүлж, тандалт хийх том бүтэцтэй. Дээр нь манайд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дархлаажуулалтын алба бий. Тэгэхээр бид улс орон даяар дархлаажуулалттай холбоотой бүх үйл ажиллагааг хариуцдаг статустай.
-Вакцинд хамрагдах иргэдийн идэвх саарч байна. Энэ нь вакцинд итгэх иргэдийн итгэл саарсантай холбоотой байх. Учир нь вакцин хийлгэсэн иргэд өвдөж байна, амь насаа алдаж байна. Вакцин ажиллахгүй байна гэдэг шүүмжлэл байгаа учраас вакцинжуулалт удаан байгаа юм биш үү?
-Манайх вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай явуулж байгаа орны тоонд багтаж байгаа. Бид 1,2 дугаар тунг амжилттай хийгээд одоо дархлаа сэргээх гуравдугаар тунг хийж байгаа. Тэгэхээр дархлаа сэргээх нэмэлт тунг Файзер болон Синофарм үйлдвэрийн Синовак гэсэн хоёр төрлийн сонголттой вакцинжуулж байгаа.
Нас баралт тохиолдож, илүү хүндээр өвчилж байгаа бүлэг бол өндөр настай, хавсарсан суурь эмгэгтэй хүмүүс байна. Тэгэхээр эрсдэл бүхий бүлгийн хүмүүс дархлаа сэргээх нэмэлт тунд илүү идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна.
Гуравдугаар тунгийн мэдээллийг харахад маш идэвхтэй явж байгаа аймгууд байна. Тухайлбал, Нийслэл хотод 21 хувийн хамрагдалттай байна. Завхан аймагт 33 хувь, Сэлэнгэ аймагт 29 хувь, Орхон 28 хувьтай байна. Ер нь ихэнх аймгууд 10-аас дээш хувьтай байгаа бол Баян-Өлгий аймагт дөрвөн хувь нь хамрагдсан. Бид гуравдугаар тунд хамрагдсан ч халдварт өртөөд байна гэдэг хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн долоон хувь нь халдвар авсан. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хамрагдсан 364 мянган хүний гурван хувь нь халдвар авсан. Үүнээс үзэхэд хос тун хийлгэснээр бид 93 хувь хамгаалагдаж байсан бол гурван тун хийлгэснээр 97 хувь хамгаалагдлаа гэж хэлж болно. Нөгөө талдаа нийтэд зориулсан хязгаарлалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
-Баян-Өлгий аймагт вакцинжуулалт дөрөвхөн хувьтай байна гэлээ. Тус аймагт вакцинжуулалт яагаад удаашралтай байна вэ?
-Баян-Өлгий казах хэлээр ярьдаг. Ихэнх зар сурталчилгаа Монгол хэлээр явж байгаа нь учир дутагдал гэж үзээд казах хэл дээр сурталчилгаа явуулдаг болсон. Цаашид вакцинжуулалтын хувь нэмэгдэх байх хүлээж байна.
-Өнгөрсөн зун Баян-Өлгий аймагт ганцхан өдөрт 300 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан. Одоо тус аймагт халдварын тархалт харьцангуй бага болсон ч вакцинжуулалтад идэвхгүй байгаа нь дараагийн давалгаанд өртөх магадлалыг нэмэгдүүлж байгаа нэг эрсдэл байх тийм үү?
-Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Дорноговь, Хэнтий аймагт өвчлөл өндөр байна. Бусад аймгуудад халдвар буурсан.
-Халдвар авсан иргэн хэдий хугацааны дараа вакцинд хамрагдаж болох вэ?
-Халдвар авсан хүнд дархлаа тогтоц ямар байгаа вэ гэдэг их чухал юм. Эсрэг биеийн түвшингээс хамаарна. ХӨСҮТ, нэгдсэн эмнэлэгт судалгаа хийгддэг. Эсрэг биеийн түвшин босго утгаас дээшээ байвал нэмэлт тунгаа хэсэг хугацааны дараа хийх ёстой. Босго утга бага байвал дархлааг нь сэргээх үйл ажиллагаанд ордог. Нийт хүн амын дунл эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө орох учраас судалгаан дээр тулгуурласан бодлого шийдвэр гардаг гэж ойлгож болно.
-Ковидын дараах үе буюу “Удаан ковид” шинж тэмдэг хүмүүсийг зовоож байна. Энэ сэдвийн мэдээлэл маш хомс байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөмж өгөх вэ?
-Ковид халдвар аваад эдгэрсэн ч тухайн хүний дархлаа, бие махбодиос хамаараад харилцан адилгүй ковидын дараах шинж тэмдэг илэрч байна. Өвдсөний дараа PCR шинжилгээ өгөхөөр эерэг гардаг. PCR сөрөг гарах хугацаа ч тухайн хүнээс хамаараад харилцан адилгүй байна. Хувь хүний дархлааны системээс хамаарах асуудал юм л даа. Ковидын шинж тэмдэг нь хуурай ханиах 52 хувь, хамар битүүрэх 47 хувь, хоолой өвдөх 46 хувь, толгой өвдөх 45 хувь, ядрах шинж тэмдэг 43 хувьд нь илэрч байна. Өвдөөд эдгэрсний дараах шинж тэмдэг бол тухайн хүний суурь өвчинтэй холбоотой илэрч байна. Толгой өвддөг хүн бол маш их толгой өвдөж байна гэдэг. Даралт ихсдэг хүн яг л тэр зовиураа яриад эмнэлэгт ханддаг. Ковид-19 бол дархлааны системийг унагаадаг учраас өдөр тутмын дэглэм сайн барих хэрэгтэй. Ажил амралтаа зохицуулж, шөлтэй хоол идэх, дулаан байх, ерөнхий дархлаагаа дэмжих витамин хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.