Хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв

Хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 10 мянган айлын “Залуус”, 5 мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1008 айл” зэрэг 20 мянга гаруй айлын орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулна.

Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг БХБЯ-наас 10 хувь болгон нэмэх чиглэл барьж байгааг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдааны үеэр тэмдэглэв.

Төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 гэр бүл амьдарч байгааг НОСК-иас танилцуулав. Энэ нь одоогоор мөрдөж буй 5 хувийн квотыг хангаж буй үзүүлэлт. Үүнээс гадна орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байгаа аж.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хувийн сууц барьж, ипотекийн 6 хувийн зээл авах боломжийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн тухай ч мэдээлжээ. Зөвлөлийн дарга дээрх ажлуудыг идэвхижүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Үүний дараа БХБЯ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл” хуралдан, 12 дугаар сарын 3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж буй ажлын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилгын хүртээмж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх тэмдэг тэмдэглэгээг байршуулах талаар ярилцлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд барьж буй барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт нэвтрүүлэхэд ахиц гарч, нийслэлийн 75 дугаар дунд сургуулийн барилга норм стандартыг хангасныг дурдав. Харин стандарт нормыг хангахгүй байгаа зөрчлийг арилгах, одоо мөрдөж буй стандартыг нарийн баримтлан, 2022 оны ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.