2022 оноос регистрийн дугаарын оронд 12 оронтой бүртгэлийн дугаар ашиглана
Ирэх оноос регистрийн дугаарын оронд 12 оронтой бүртгэлийн дугаар ашигладаг болно. Тодруулбал, регистрийн дугаар нь цаг үеийн шаардлага хангахгүй байгаа учир регистрийн дугаарыг устгахгүй, нэмэлтээр иргэн бүрт 12 оронтой бүртгэлийн дугаар олгож, регистрийн дугаарын оронд ашигладаг болох аж.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Цахим засаглалын суурь хуулиудтай холбоотойгоор УБЕГ бүх нэгжээрээ дамжуулан 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлнэ. Тоон гарын үсэг нь иргэдийн хувьд цахим орчинд бусадтай хэзээ ч давхардахгүй таних тэмдэг болох юм.
Мөн ирэх оноос 12 оронтой бүртгэлийн дугаараар иргэнийг таних ажил хийж байна. Учир нь, регистрийн дугаар цаг үеийн шаардлага хангахгүй болсон байна. Давхардахгүй таних, баталгаажуулалт хийх болон иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаас регистрийн дугаар шаардлага бүрэн хангахгүй байна. Тиймээс цаашид 12 оронтой бүртгэлийн дугаарыг ашигладаг болж шилжинэ гэсэн үг. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгахгүй. Мэдээллийн санд регистрийн дугаар болон 12 оронтой шинэ бүртгэлийн дугаар хамт байна. Харин бүртгэлийн дугаарыг нь ашиглана гэсэн үг.
Үндсэндээ хуульд өөрчлөлт оруулах замаар ирэх гурван жилийн дотор регистрийн дугаарыг бүрэн хална. Үүнтэй холбоотой гол ажлуудыг ирэх онд хийнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр төрсөн хүүхдэд 12 оронтой бүртгэлийн дугаар олгох өөрчлөлт, зохицуулалт хийгдсэн.
Түүнчлэн, ирэх оноос иргэдэд цахим гадаад паспорт олгож эхэлнэ. Цахим гадаад паспортад тоон гарын үсэг шууд хэрэглэнэ. Эдгээр ажилд төсвөөс 5.8 тэрбум төгрөг тусгасан. Уг санхүүжилтээр нийт 10 сая лиценз олгох бөгөөд шаардлагатай програм хангамж, техник хангамж болон лицензийн үнэ гэх мэт бүх зардал нь багтсан" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.