ОХУ болон БНХАУ-ын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ
Энэ оны эхний 11-н сарын байдлаар ОХУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт, 123 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт болж байгаагаас гадна өнгөрсөн 2020 онд хоёр улсын хооронд хийсэн худалдан авалтаас давсан түүхэн дээд үзүүлэлт болжээ.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр тус улсаас ОХУ-руу хийсэн экспортын хэмжээ энэ оны эхний 11-н сарын байдлаар 22 хувиар өсч, 385 тэрбум юань буюу 60 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсч, 458 тэрбум юаньд хүрчээ. ОХУ-аас импортолсон бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эрчим хүч, ашигт малтмал эзэлж, нүүрс болон байгалийн хийн импорт хурдацтай өссөнийг онцолж байна. Бээжингийн хувьд мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг эрс нэмэгдүүлжээ. Үхрийн махны импорт л гэхэд, энэ оны эхний 11-н сарын байдлаар 17 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 235 хувиар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Үүний зэрэгцээ Хятад улс энэ хугацаанд Орост 235 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29 хувь өссөн байна. Энэ нь Хятадаас Орост хийсэн нийт экспортын 61,2 хувийг эзэлж байна.
ОХУ болон Хятадын эрх баригчид хоёр талын худалдааны хэмжээг жилд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Өнгөрсөн зургаадугаар сард болсон Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, 2020 онд цар тахлын сөрөг нөлөөг үл харгалзан хоёр улсын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларын түвшинд барих зорилтдоо хүрснийг онцолж, ирэх 2024 он гэхэд энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.