Иргэний нисэхийн салбарт “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжүүлнэ
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо навигаци, ажиглалтын албаны ажилтнуудтай уулзаж, тус салбарт энэ онд хийсэн ажлын тайланг танилцууллаа.
“Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын иргэний нисэхийн салбар сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй уналтад ороод байна. Энэхүү хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд иргэний нисэхийн салбарт “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан бодлогоос бүрдэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэллээ. Далайд гарцгүй манай улсын хувьд дэлхийд гарах цорын ганц боломж болсон агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд энэхүү бодлого үр өгөөжөө өгнө гэж харж байгаа аж.
Тухайлбал, “Эрүүл эрх зүй” бодлогын хүрээнд Иргэний нисэхийн тухай хуулийг яаралтай шинэчлэн боловсруулах, бодлогын баримт бичиг болон дүрмийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрх зүйн болон үйл ажиллагааны эрүүл орчин бий болох юм. Харин “Чөлөөт агаарын зай” бодлогын хүрээнд агаарын зайг оновчтой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэх юм. Мөн “Дэлхийн хүн” бодлогын хүрээнд мэргэжил, мэргэшсэн байдалд онцгой анхаарч, бүтээмжтэй, хариуцлагатай тогтолцоог бий болгох аж. 2025 он хүртэл хэрэгжих “Хил хязгааргүй нисэх” бодлогоос иргэний нисэхийн салбарт парк шинэчлэлт хийгдэж агаарын хөлгийн тоо нэмэгдэх, аюулгүй ажиллагаа сайжрах, ачаа эргэлт болон зорчигч урсгал нэмэгдэх зэрэг олон таатай үр дүн хүлээж байна.
Уулзалтын явцад хамт олны санаа бодлыг сонсон, дор бүрд нь асуултад хариулж, санал санаачлагыг нь хүлээн авав. Ташрамд дурдахад, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан үүрэгт ажлаа авснаас хойшхи 4 долоо хоногийн хугацаанд ИНЕГ-ын бүх алба нэгжүүд, орон нутгийн нисэх буудлууд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлийн хороод зэрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны ажлын тайлантай нь танилцан, үүрэг чиглэлийг өгч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.