Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлэх, эдийн засгийг тэлэхүйц дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлэх зорилгоор Засгийн Газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулсан.
Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, бодит шийдлүүдийг бүтээн байгуулалттай уялдуулан тусгасан уг бодлогын баримт бичиг нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд тус тус үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргасан байна.
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2021.12.27/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөн барилаа. Уг бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.
“Шинэ сэргэлтийн бодлого” цогцоороо хэрэгжиж эхэлснээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатын зорилтууд биеллээ олж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6 хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл 3 дахин өсөх юм. Бид энэ цаг үед тулгамдаж буй бодит асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг үр дүн, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх нь зоригодоо хүрэх чухал хөшүүрэг мөн. Нийт 5 хавсралт бүхий уг бодлогын баримт бичгийн хүрээнд 50 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх товыг зарлах болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.