Дүүгийнхээ амийг аварч, өөрөө эрсэдсэн 7 настай охиныг нэхэн шагналаа
Онцгой байдлын байгууллагаас энэ оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг олгож эхлээд байна.
Тус шагналаар Туул голын усанд живж байсан 13 настай охин С.Жаргалмааг аварч, өөрөө амиа алдсан Э.Эрдэнэжаргал, 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө эрсэдсэн С.Золжаргал нарыг нэхэн шагналаа.
Мөн энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь таван ханатай өргөө цагаан гэрийг, иж бүрэн тавилга, гурван сая төгрөгийн хамт гардууллаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг дахь “Гүүрний ам” гэх газарт Туул голын усанд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амь насыг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм.
Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 5-7 настай хоёр охиноо гэртээ үлдээжээ. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав ээжийнхээ араас хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан байна. Гурван километрийн зайтай байдаг саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай голтой олдсон юм. Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч хоносон байдаг. Аав ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байдаг авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 7.00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ ертөнцөөс бүрмөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг охин С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар нэхэн шагнажээ.
Мөн “Монголын мицубиши пажеро клуб” ТББ-ын гишүүн У.Бямбадорж, Ж.Батсайхан нарыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагнаж урамшууллаа.
У.Бямбадорж нь 2019 оноос хойш цасанд суусан, усанд боогдсон зэрэг байгаль цаг агаарын хүнд нөхцөлд аюулд өртсөн 210 гаруй хүнд анхны тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулсан бол, Ж.Батсайхан нь 2000 оноос хойш цасан шуурганд төөрсөн, цасан болон голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдэд сайн дураараа тусалж, 2018 оноос хойш 112 хүнд авран туслах үйлчилгээ үзүүлснийг ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.