БНАСАУ мэдэгдэл гаргажээ
Солонгос-Европын нийгэмлэгийн дарга Ли Сан Рим энэ оны нэгдүгээр сард явуулсан хэд хэдэн пуужингийн туршилтынх нь талаарх Европын Холбооны /ЕХ/ шүүмжлэлийг няцааж мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, “Хууль эрх зүй, шударга ёс, өөрийгөө батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх манай улсын арга хэмжээг “олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна" гэж гүтгэсэн "мэдэгдэл"-ийг ЕХ-ноос саяхан гаргалаа. Бид үүнийг манай улсын тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчсөн, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон байж боломгүй үйлдэл гэж эрс буруушааж, няцааж байна.
Батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх манай улсын арга хэмжээ нь хөрш орнуудын аюулгүй байдалд төдийгүй Европт ямар нэгэн хор хөнөөл, хохирол учруулахгүй гэдгийг бид удаа дараа мэдэгдсэн билээ.
Гэсэн хэдий ч ЕХ Солонгосын талаар явуулж буй АНУ-ын цаг үеэсээ хоцрогдсон дайсагнасан бодлогод идэвхтэй оролцож, тусгаар тогтносон улсын өөрийгөө хамгаалах эрхэд бодлогогүйгээр халдлаа. Энэ бол ЕХ-нд давхар стандарт төвлөрсний илрэл, мөн Солонгосын хойгийн асуудлын мөн чанарыг үл тоомсорлож буй явдал юм.
Түүнчлэн энэ нь ЕХ боломж олдох бүрдээ дурддаг "стратегийн бие даасан байдал" гэх үгс нь АНУ-ыг сохроор дагаж, зусарддагаа нуусан хий хоосон ярианаас өөр зүйл биш гэдгийг тодорхой нотолж байна.
Солонгосын хойгийн асуудалд шууд оролцогч тал болох АНУ түгшүүртэй байдлыг хурцатгах буруу тойргоос гарахын тулд бодитой арга хэмжээ авах ёстой гэсэн дуу хоолой одоо олон улсын хамтын нийгэмлэгт өдрөөс өдөрт чангарч байна.
Сингапурт болсон БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаас хойш 4 жилийн турш өнөөг хүртэл АНУ хийхгүй гэж амласан боловч манай улсын эсрэг олон зуун удаа цэргийн хамтарсан сургууль хийж, Өмнөд Солонгост хамгийн сүүлийн үеийн давшилтын зэвсэг нийлүүлэн байрлуулж, Солонгосын хойгийн ойр орчимд цөмийн стратегийн байлдааны техник нийлүүлж байгаа нь манай улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна.
АНУ одоо "дипломат оролцоо", "урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ" хийхэд бэлэн хэмээн мэдэгдэж байгаа боловч энэ нь дайсагнасан үйлдлээ нуух, олон улсын хамтын нийгэмлэгийг хууран мэхлэх тус улсын хуучин засаг захиргааны баримталж байсан дайсагнасан бодлогын үргэлжлэл юм.
ЕХ бодит байдлыг шууд харж, манай улстай холбоотой үл ойлголцол, өрөөсгөл ойлголт, давхар стандартаасаа нэн даруй ангижирч, бүх асуудалд бодитой, шударга байр сууринаас хандах ёстой.
ЕХ мөн АНУ-ын дайсагнасан бодлогыг дуулгавартай дагаж, үндэслэлгүй, далдуур үймүүлсэн материалын тусламжтайгаар өрнүүлж буй "хүний эрх"-ийн төлөөх кампанит ажил гэх мэт БНАСАУ-ын эсрэг явуулж буй бодлогогүй үйлдлүүдээ зогсоох ёстой.
Хэрэв ЕХ АНУ-ыг аялдан дагалдагч утсан хүүхэлдэй хэвээр байж, манай улстай сөргөлдөх ажиллагаанд оролцсоор байвал бидний зүгээс шийдвэртэй хариу арга хэмжээ авах нь дамжиггүй.
ЕХ "бие даасан туйл" хэмээх нэр хүндээ хадгалахыг хүсэж байгаа бол олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хэлж, хийж буй үйлдэлдээ ухаалах хандах хэрэгтэй” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.