БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёл тэргүүлж байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёл тэргүүлж байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн санал асуулгад сөрөг хүчний гол нэр дэвшигч Юн Сок Ёл эрх баригч намын нэр дэвшигч Ли Жэ Мёныг тэргүүлж байгааг “Korea Society Opinion” хүрээлэнгээс өнөөдөр танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Тодруулбал, баасан, бямба гарагт 1005 хүний дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 43.5 хувь нь Юн Сок Ёлыг, 40.4 хувь нь Ли Жэ Мёныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Үүнийг өмнөх долоо хоногийн санал асуулгын дүнтэй харьцуулахад “Иргэний хүч” намын Юн Сок Ёлын дэмжигчдийн түвшин 1.1 хувиар буурсан бол Ардчилсан намын Ли Жэ Мёны дэмжигчдийн түвшин хоёр хувиар өсжээ.

Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгад Ардын намын нэр дэвшигч Ан Чёл Су /7.8 хувь/, Шударга ёс намын нэр дэвшигч Сим Сан Жон /3.5/ тэргүүтэй нэр дэвшигчид удаалсан байна.

Санал асуулгад оролцогчдоос ирэх гуравдугаар сарын 9-нд болох сонгуулиар ямар сонголт хийхийг нь тодруулахад, 47.7 хувь нь одоогийн засаг захиргааны үйл хэргийг шүүмжилж байгаагаа илэрхийлэн сөрөг хүчний нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж хариулсан бол 42.5 хувь нь төрийн үйл хэргийг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эрх баригч намын нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Эдгээр үзүүлэлтийн зөрүү өмнөх санал асуулгаар 8.6 хувь байсан бол энэ удаа 5.2 хувьд хүрч буурсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.