Канад, Австрали улс ЭСЯ-аа Киевээс Львов руу түр нүүлгэж буйгаа мэдэгдэв

Канад, Австрали улс ЭСЯ-аа Киевээс Львов руу түр нүүлгэж буйгаа мэдэгдэв

Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Орос-Украины хилийн байдал хурцадсантай холбогдуулан тус улсын Элчин сайдын яамыг Киевээс Львов хот руу түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгджээ.

“Аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал улам дордсоор байгааг харгалзан бид үйл ажиллагаагаа Львов дахь түр оффис руу шилжүүлж, Киевт суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно” гэж тэрбээр твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Тус улсаас гадна, Австрали улс мөн ЭСЯ-аа Львов хот руу түр нүүлгэн шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тус улсын ГХЯ мөн иргэддээ Украиныг нэн даруй орхихыг зөвлөжээ.

Сүүлийн өдрүүдэд олон улс орон АНУ болон тус улсын холбоотнууд Орос улс Украины нутаг дэвсгэр лүү цэргийн хүчээр халдахаар бэлтгэж байна хэмээн мэдэгдэж байгаатай холбоотойгоор Украин дахь дипломат төлөөлөгчдөө цөөлөх шийдвэр гаргасан. ОХУ Украинтай залгаа хил орчимд цэргийн хүчээ зузаатгаж байна гэж Вашингтон болон түүний холбоотнууд 2021 оны намраас хойш мэдэдэж байгаа юм.

ОХУ хөрш улс руугаа довтлох боломжийг үгүйсгэсэн. Үүний зэрэгцээ ОХУ-ын ГХЯ-наас бямба гарагт гаргасан мэдэгдэлд, "Украин дахь гадаад төлөөлөгчийн газруудын зарим ажилтныг оновчтой болгох" тухай мэдэгдсэн ч Элчин сайдын яам болон Консулын газрууд үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг баталжээ.

Бээжингийн олимп өндөрлөхөөс өмнө ОХУ Украин руу довтолж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан баасан гарагт мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Politico” сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ЕХ болон НАТО-гийн түншүүдтэйгээ цахим уулзалт хийх үеэрээ Америкийн тагнуулын албаны мэдээллээс эш татан, ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаагаа хоёрдугаар сарын 16-нд эхлүүлнэ гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.