“James Webb” сансрын дуран анхны туршилтын зургуудаа дамжуулсан
Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн хүчирхэг нь гэгдэж буй “James Webb” сансрын дуран анхны туршилтын зургуудаа дамжуулсан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлжээ.
"“Уэбб”-ын багийнхан дурайн авайг тохируулах, зураг авах эхний алхмууд амжилттай явагдаж баяртай байна. Ойрын хэт улаан туяаны NIRCam камерт гэрэл нэвтэрч байгаад бид маш их баяртай байна” гэж сансрын дурангийн камерын ерөнхий судлаач Марсия Рике мэдэгдсэн байна.
“James Webb”-ийн илгээсэн зургуудад гэрлийн 18 бүдэг цэг буусан бөгөөд энэ нь камерын толин тусгалын самбарын тоотой тохирч байгаа аж.
Одоо мэргэжилтнүүд нэг сарын дотор толин тусгал хэсгүүдийн байрлалыг тохируулах бөгөөд ингэснээр 18 зураг нийлж нэг бүтэн зураг болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цаг хугацаа өнгөрөх тусам дурангийн зураг улам тодорно.
“James Webb” хоёрдугаар сарын 2-ноос зураг авч эхэлсэн бөгөөд эрдэмтэд байрлалыг нь 156 удаа өөрчилсөн байна. Зураг авах бүх процесс 25 орчим цаг үргэлжилжээ.
Мэргэжилтнүүд бүх тохиргоог хэдэн сарын дотор хийнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд сансрын уг дуран шинжлэх ухааны анхны зургаа 2022 оны зун дэлхий рүү дамжуулах төлөвтэй байна.
“James Webb” сансрын дуранг 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас хөөргөсөн билээ. Энэ бол NASA, Европ болон Канадын сансрын агентлагуудын хамтарсан төсөл юм.
“James Webb”-д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан бөгөөд энэ нь тойрог замд оруулсан хамгийн том толь юм. Уг дуран авайгаар эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна амьдрал байх боломжтой гаргуудыг хайхад ашиглахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.