БНСУ-ын шорт-трекийн тамирчин алтан медаль хүртлээ
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн шорт-трекийн 1500м төрөлд БНСУ-ын тамирчин Чой Мин Жон түрүүлснээр “Пёнчан”-ы олимпын аварга цолоо хамгаалж, Бээжингийн олимпоос гурав дахь медалиа хүртжээ.
Тэрбээр 2:17.789 минутад барианд орсноор алтан медалийн эзэн болсон бол Италийн тамирчин Арианна Фонтана /2:17.789/ мөнгө, Нидерландын тамирчин Сюзанна Шультинг хүрэл медалийн болзол тус тус хангасан байна. С.Шультингийн хувьд Италийн тамирчнаас ердөө 0.003 секундын дараа барианд оржээ.
БНСУ “Бээжин-2022” олимпоос хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ бөгөөд хоёуланг нь шорт-трекийн төрөлд аваргалснаар хүртжээ. Чой Мин Жин энэ удаагийн өвлийн олимпоос 1000м, 3000м буухиа төрөлд мөн мөнгөн медалийн эзэн болсон юм.
Ийнхүү тэрбээр өвлийн олимпоос таван медаль хүртсэн амжилтаар өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн БНСУ-ын гурван тамирчинтай эн зэрэгцэж эхэлжээ. Тодруулбал, шорт-трекийн тамирчид болох Чун Ли Кюн, Пак Сен Хи, гүйлтийн тэшүүрчин Ли Сен Хун нар таван медаль хүртсэн амжилт үзүүлж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.