БНСУ-ын Засгийн газар коронавирусын үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна

БНСУ-ын Засгийн газар коронавирусын үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

БНСУ-д "Жижиг дунд дэвшилтэт технологийн яам" гэж байдаг ба Мүн Жэ Инь Ерөнхийлөгч шинэ Засгийн газар байгуулахдаа хуучин "Жижиг дунд үйлдвэрлэлийн агентлаг" байсныг 2017 оны 7 сарын 26-ны өдөр яам болгон өргөжүүлэн байгуулсан түүхтэй. Тэрхүү агентлаг өмнө нь Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам (1998-2008), Мэдлэг, эдийн засгийн яам (2008-2013) болон Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам (2013-2017)-ны харьяанд тус тус байсан юм.

Шинэ яам зохион байгуулалтын хувьд өөрийн харьяаны жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжлийн 3 ахлах сургуультай, бие даасан хот болон бүх мужид өөрийн салбар нийт 12 агентлаг, 444 ажилтан албан хаагчтай Засгийн газрын бодлогын яам юм.

Энэхүү яам нь коронавирусын халдвар улс орон даяар тархсан энэ үед хамгийн их уналт, хямралд орж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг бизнесүүдийг хамгаалсан ямар ажил эрхэлж байгааг судалж үзэв.

ЗЭЭЛ

1. Жижиг бизнесийн эдийн засгийн аюулгүй байдлын хөрөнгө
/Шинэ коронавирусын тархалтаас үүдэлтэй хохирол амсч буй жижиг бизнес эрхлэгчид 70 хүртэлх сая воны зээлийг 2 жилийн хугацаатай олгож, 3 дахь жилдээ эргүүлэн төлөх нөхцлөөр/
2. Шинээр үүсгэн байгуулж үйл ажиллагаа эхлэх хөрөнгө
/Шинээр анх эхэлж буй, бага орлоготой, жижиг бизнес эрхлэгч, 1 хүний 20 сая хүртэлх воныг 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 4,5%-ийн хүүтэй/
3. Захын худалдаачдад зориулсан зээл
/Улсын бүртгэлтэй 318 захад ажилладаг жижиг худалдаачидад 1 хүний 10 хүртэлх сая воны 2 жилийн хугацаатай, жилийн 4,5%-ийн хүүтэй зээл/
4. Тусгай хөрөнгийн дэмжлэг
/Шинэ коронавирусын халдвараас үүдэлтэй хохирол амсаж буй жижиг дунд үйлдвэрлэгч болон жижиг бизнес эрхлэгчид 1 жилийн хугацаатай(3 жил хүртэл сунгах боломжтой) 500 сая хүртэлх воны зээлийг жилийн 1%-ийн хүүтэй/

УЛСЫН ТАТВАР

Шинэ коронавирусын халдвараас болж хохирол амсаж буй татвар төлөгч
/Хохирол амссан орон нутгийн татвар төлөгч болон эрүүл мэнд, аялал жуулчлал, үзвэр, хоол, зочид буудал гэх мэт салбарт хамааралтай/
1. Компанийн татвар, НӨТ-ийн мэдэгдэл болон татвар төлөх хугацааг сунгах (дээд тал 9 хүртэл сар)
2. Хураамж (дээд тал нь 9 хүртэл сар) хугацаа хэтэрсэн хураамж (дээд тал нь 1 хүртэл жил) хойшлуулах
3. Татварын байцаалт хойшлуулах болон түр зогсоох
4. Шинэ коронавирусын цэвэрлэгээ, ариутгалыг төр хариуцах

ОРОН НУТГИЙН ТАТВАР

Шинэ коронавирусын халдвар авсан өвчтөн болон тусгаарлалтад орсон иргэн, вирусын халдвар авсан иргэн очсоноос үүдэлтэйгээр үйл ажиллагаагаа түр зогсоож хүнд байдалд байгаа аж ахуйн нэгжүүд

1. Хувийн эзэмшлийн татвар, орон нутгийн орлогын албан татвар, иргэний татвар зэргийн мэдэгдэл, төлөх хугацааг сунгах (6 хүртэл сар, нэмж 6 сараар сунгах боломжтой)
2. Хураамж болон хугацаа хэтэрсэн хураамжийг хойшлуулах (6 хүртэлх сар, нэмж 6 сар сунгах боломжтой)
3. Татварын байцаалтаас чөлөөлөх
4. Орон нутгийн татварыг бууруулах

ГААЛИЙН ТАТВАР

Хятадад байгаа үйлдвэр хаагдсанаас түүхий эдийн хангамж болон экспортын хямралд орсон аж ахуйн нэгж
1. Төлөх хугацааг хойшлуулах, хуваан төлөх боломж олгох (дээд тал нь 1 жил)
2. Өдөрт нь гаалийн буцаан олголт хийх, гаалийн татварын байцаалтыг хойшлуулах
3. Гамшгийн үед туслах төв ажиллуулах

Мөн Засгийн Газраас "Сайн түрээслэгч" хөтөлбөрийг зарласан ба энэ хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээ хэрэгжинэ.

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

1. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч болон жижиг бизнес эрхлэгч нарын оны эхний 6 сарын түрээсийн төлбөрийг бууруулсан түрээслэгчийн уг хассан түрээсийн төлбөрийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг түрээслэгчийн орлогын болон аж ахуйн нэгжийн албан татвараас суутган чөлөөлнө.

2. Захын мухлагуудын түрээсийн төлбөрийг 20% хүртэл бууруулсан тохиолдолд тухайн захад хуучин кабель утасны төхөөрөмж, ус шүршигч зэрэг галын аюулаас хамгаалах төхөөрөмжийн багцыг суурилуулж өгнө.

3. Улсын өмчлөлд байдаг хөрөнгийн хувьд 4 сарын 1-ээс эхлэн оны сүүл хүртэл түрээсийн төлбөрийг одоо авч байгаагийн 3-ны 1 хувиар бууруулна.

4. Улсын өмчит газруудын түрээсийн төлбөр ч буурна. Корайл, LH, Инчоны нисэх онгоцны буудлаас эхлээд улсын өмчит 103 газрын түрээсийн төлбөрийг 6 сарын турш 20-35 хүртэл хувиар бууруулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.