COVID-19: Сөүлд өвчний томоохон голомт илэрчээ
Шинэ төрлийн титэм вирусийн тархалтын голомт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод байх нэгэн компанийн утасны дуудлагын төвд илэрчээ. Энэ компанийн ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийнхэн гээд нийт 90 хүн халдвар авсан гэж хотын дарга Пак Вон Сүн мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү утасны дуудлагын төв нь Өмнөд Солонгосын даатгалын компанийнх бөгөөд Силлим-донд байрладаг аж. Урьдчилсан мэдээллээр, энэ компанийн хоёр ажилтан Дэгү хотод халдварын тархах гол газар болсон Синчонжи шашны гаж урсгалын бүлгэмийн гишүүд байжээ.
Компанийн байранд 550 хүн ажилладаг бөгөөд одоо тэдэнд COVID-19 халдварын шинжилгээ авч байгаа юм байна.
Энд дуулгахад, сүүлийн үеийн мэдээллээр Өмнөд Солонгосд шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 7755-д хүрчээ. Харин халдварын улмаас нас барсан хүний тоо 60 болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.