Дэлхийн дулаарал усны эргэлтийг түргэсгэж байгааг тогтоожээ
Агаарын температур өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийн усны эргэлтийг түргэсгэж, ган гачиг, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэхэд нөлөөлж байгааг Австралийн судлаачдын ахлан явуулсан шинэ судалгаагаар тогтоожээ.
“Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурдсанаар, агаарын температур нэмэгдэх нь үүл, газрын гадарга, далай тэнгисийн усны эргэлтийг түргэсгэж, улмаар уур амьсгалыг улам эрс тэс болгосноор чийглэг бүс нутгууд илүү чийглэг, хуурай бүс нутгууд улам хуурай уур амьсгалтай болоход нөлөөлж байна.
Судалгааны багийн ахлагч, Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн математикч Таймур Сохаилын мэдээлснээр, эдгээр үр дүн нь дэлхийн усны эргэлтэд ямар томоохон өөрчлөлтүүд гарч байгааг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байна. Дэлхийн хур тунадас, усны ууршилтын 80 орчим хувь нь далайн дээгүүр ажиглагддаг тул урьд нь усны эргэлтийн өөрчлөлтийг шууд ажиглахад хүндрэлтэй байжээ.
Судлаачдын баг 1970-2014 оны мэдээлэлд дүн шинжилгээ хийн далайн давсны төлөв байдлыг ажигласнаар энэ хугацаанд хэдий хэмжээний далайн цэнгэг ус экватороос туйл руу шилжсэнийг тооцоолжээ. Ингэхэд урьдчилан таамаглаж байснаас 2-4 дахин их хэмжээтэй цэвэр ус ууршсан байна.
“Бид дэлхийн усны эргэлт эрчимжиж байгааг мэдэж байсан ч хэдий хэмжээгээр өсөж байгааг нь тодорхойлж чадахгүй байсан” гэж Т.Сохаил ярьжээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Математик, статистикийн сургуулийн дэд профессор Жан Зикагийн тайлбарласнаар, дулаан уур амьсгалтай бүс нутгуудад ууршилтын явцад далайн ус улам шорвог болж байгаа нь ажиглагдсан байна.
“Усны эргэлтийн өөрчлөлт нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, биологийн төрөл зүйлд томоохон нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт нь усны эргэлтэд энэ цаг үед болон ирээдүйд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь чухал байна. Цаашид энэ чиглэлд холбогдох судалгааг үргэлжлүүлэн хийнэ” гэж Т.Сохаил хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.