“Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэнг нээв

“Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэнг нээв

Монголын шинэ үеийн түүхэнд холбогдох түүхэн баримт, биет үзмэр, гэрэл зураг, уран зураг зэрэг сонирхолтой үзмэр дэлгэсэн “Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.

Анх 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр МАН-ын журмын нөхөд Дээд шивээ (одоогийн Хиагт) хотноо хуралдаж МАН-ыг эмхлэн зохион байгуулсан тул хожим нь тус хуралдааныг түүхнээ МАН-ын анхдугаар их хурал хэмээн нэрлэх болжээ. Тус өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү өдөрт зориулсан тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн үзмэр, хувь цуглуулагчдын цуглуулгаас 1921 оноос эхэлж, хуралдсан МАН-ын гучин их хурлын түүхэнд холбогдох ном товхимол, дурсгалын зүйл, одон тэмдэг, илгээлт, туг, далбаа, тамга, марк, үнэмлэх зэрэг 130 гаруй үзмэрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дэлгэжээ.

Эдгээр үзмэрээс МАН-ын их хурлын түүхэн тугнууд, энгэрийн тэмдэг, илгээлт, МАХН-ын их хурлуудад зориулсан гадаадын коммунист намуудаас илгээж байсан дурсгалын зүйлс, уран зураг зэрэг олон сонирхолтой үзмэрийг анх удаа нийтэд толилуулж буйгаараа онцлог юм. Мөн тус үзэсгэлэнгээс Анхдугаар хурлын түр дүрэм, хурал хийсэн байшингийн загвар зэргийг үзэх боломжтой.

Үзэсгэлэнд дэлгэсэн эдгээр эд өлгийн, бичиг, соёлын дурсгалт зүйл нь монголын нийгмийн тухайн цагийн соёлын байдал оюуны түвшинг илтгэх гол зүйлийн нэг байснаараа онцлогтой гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид тодотгож байна.

Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунтуяа хэлэхдээ, “Монголын Үндэсний музейгээс урьд өмнө дэлгэж байгаагүй, МАХН-ын хурлуудад холбогдох тугнууд, МАХН-ын хурлуудад гадны коммунист намуудаас дурсгасан эд өлгийн зүйлийг онцлон дэлгэж байна. Мөн намын тамганууд, 1921 оны Монгол Ардын намын нэгдүгээр үүрийн тамга, намын Төв хорооны тамга, Богд хаан уулын аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг, Хан Хэнтий уулын аймгийн Намын хорооны тэмдгүүдийг дэлгэсэн. Түүнчлэн үзэсгэлэнд дэлгэсэн хурлын тугнууд урьд өмнө нь үзэсгэлэн болон судалгааны эргэлтэд орж байгаагүй гэдгээрээ онцлогтой” гэв.

1921-2021 оны хооронд хуралдсан МАН-ын гучин их хурал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, улс орны аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, аж үйлдвэр бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэхийн төлөө чиглэж байв. Монгол хүний сайн сайхны төлөө чиглэсэн олон бодлого зорилт, мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж иржээ.

Тус үзэсгэлэн 6 өдөр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа 2022-02-28

ГХЯ: Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав 2022-03-01

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав 2022-03-01

3 сарын 1-нээс эхлэн Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд.. 2022-03-01

УБ-Москва-Франкфурт-Москва-УБ чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэнэ 2022-03-01

“Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэнг нээв 2022-03-01

Пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ 2022-03-02

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо 2022-03-02

Монгол оюутнуудыг Украинаас бүрэн гаргалаа 2022-03-02

Гадаад орнуудаас иргэдээ татан авах бэлтгэлээ хангахыг ГХЯ-нд үүрэг болгов 2022-03-02

Крипто биржээр дамжаагүй 21 койныг хоёрдогч зах зээлд арилжаалахыг ХОРИГЛОЛОО 2022-03-03