Дотоодын жуулчлалыг хөгжүүлэх санал гаргав

Дотоодын жуулчлалыг хөгжүүлэх санал гаргав

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооноос нийслэлийн Аялал жуулчлалын газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын тухай мэдээлэл сонсож, санал солилцов.

Манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо 2016 оноос жилд 10 орчим хувиар нэмэгдэж байсан бол цар тахлаас үүдэн сүүлийн 2 жилд 94 хувиар багасжээ. Ингэснээр 2021 онд аялал жуулчлалын салбараас 583 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд манай улсад 33105 жуулчин ирсний 27487 нь Улаанбаатар хотыг дайран өнгөрсөн гэсэн статистик мэдээллийг тус газрын дарга Д.Батсүх танилцуулсан юм.

Аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Улаанбаатар брэнд” буюу 4 төрлийн 200 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, түүх соёлын байгууллагад тулгуурласан жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын жишиг цогцолбор, жуулчны гудамж байгуулахаар төлөвлөжээ.

Хүний хөгжлийн хорооны гишүүд энэ үеэр дотоодын жуулчлалыг хөгжүүлэх, харьяа байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хотын аялал жуулчлал, Тэрэлж орчмын бүс нутгийг хөгжүүлэх, дунд сургуулийн хүүхдэд хотын түүх соёлын газраа таниулах, виртуал аялал хөгжүүлэх саналыг гаргаж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.