ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Монголчууд “Ковид-19” вирусний эсрэг үр дүнтэй тэмцэж байна
Хүн ам цөөнтэй Монгол Улс цар тахлын эсрэг авч буй арга хэмжээгээрээ дэлхийд чухалд тооцогдож болох юм-
Олон улсын харилцаа тэр дундаа Ази Номхон далайн бүсийн орнуудын улстөр, эдийн засаг, санхүүгийн амьдралын талаар нийтлэлийн бодлогоо чиглүүлсэн "The Diplomat" цахим сэтгүүлд Монгол Улс коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний эерэг үр дагаврын талаар томоохон нийтлэл бэлтгэжээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.
Дэлхий даяар тархаж буй “ковид-19” вирусний халдвар монголыг ч тойрч гарсангүй. Шинэ төрлийн коронавирусний халдвар Зүүн өмнөд Азийн бүх оронд нөлөөлж, халдвар авсан хүмүүсийн тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Үүнийг бичиж байх хооронд БНХАУ-д 81.8 мянган тохиолдол, Өмнөд Солонгост 9.3 мянга, Японд 1.3 мянга, ОХУ-д 1.03 мянган тохиолдол бүртгэгджээ. (Умард Солонгост өнөөг хүртэл “Ковид-19” вирусний халдварын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй нь анхаарал татах асуудал юм). Зүүн Азийн орнууд дундаа халдварын тархалтаараа Монгол Улс хамгийн багад тооцогдоно. Монгол Улсад одоогоор ердөө 12 хүн л вирусний халдвар авчээ.
Хил залгаа БНХАУ-д өвчний тархалт нэмэгдэж байсан хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн Монгол Улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Магадгүй үүнээс ч өмнө төлөвлөөд эхэлсэн байлаа. Халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж уламжлал, төрт ёсны их баяр цагаан сарыг нийтээрээ тэмдэглэсэнгүй. Орон нутгаас нийслэлийн хөдөлгөөнийг хориглосон нь нийслэлийг зорьсон их урсгалыг зогсоож чадсан юм. Түүнчлэн Монгол Улс мөнхийн хөрш БНХАУ, ОХУ-тай хиллэх хилээ хааж, орох, гарах чиглэлийг зогсоож, Өмнөд Солонгос гэх мэт халдвар голомтлон тархаж буй улс орнуудад нислэг үйлдэхийг хориглов. Эдгээр алхам, шийдвэрүүд нь “ковид-19” вирус тархахаас урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болсон билээ.
“Ковид-19” вирусний тархалт эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл зэргээс нь харсан ч Монгол Улс үүнийг нухацтай авч үзэх ёстой. Халдварын цар хүрээ, тархалтын нөхцөл байдал зэрэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулж байна. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар улс орон даяар 336 хяналтын цэг дээр, 832 иргэнийг дайчлан ажиллуулсан юм. Дээрх ажлуудыг хийхэд Монгол Улсын цөөн хүн ам нь нөлөөлсөн. Цөөн хүн амьд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь илүү хялбар байгаа нь ойлгомжтой. Түүгээр ч зогсохгүй вирус голомтлон тархаж буй Өмнөд Солонгос, Япон, Турк, ОХУ зэрэг улсаас иргэдээ эх оронд татан авчирсан юм.
Монгол Улсад “ковид-19” вирусний анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Эрчим хүчний компанийн ажилтан Франц иргэн гуравдугаар сарын 02-ны өдөр ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхдээ вирус тээсэн байжээ. Анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран францын иргэний явсан маршрут, харьцсан хүмүүсийг тогтоохоор ажилласан юм. Тиймдээ ч хурдан хугацаанд харьцсан хүмүүсийг нь олж тогтоон бүгдийг нь тусгаарлан шинжилгээ авахад вирус илрээгүй билээ. Хоёрдугаар сарын дундаас эхэлсэн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлогыг ард түмний зүгээс ч их дэмжсэн. Зөвхөн дэмжээд зогсохгүй БНХАУ, Өмнөд Солонгос, Итали зэрэг улсад халдварын дэгдэлт хэр зэрэг байгааг, ямархан аюул учруулдгийг мэдэж байгаа нь тодорхой харагдаж байна.
Дэлхий даяар аюул учруулж буй вирустэй тэмцэх ажилд монголчууд бусад улс гүрнийг ч дэмжиж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилсан нь тахлын цаг үед тус улсад айлчилсан гаднын улсын анхны төрийн тэргүүн болсон юм. Үүнийг БНХАУ-ын зүгээс талархан хүлээн авч хөрш улсын дэмжлэгийн бодит жишээ гэдгийг онцлон тэмдэглэв. Стратегийн томоохон түнш болсон хөрш орондоо айлчлахдаа гар хоосон очсонгүй. Монголын ард түмний зүгээс вирустэй тэмцэхэд зориулж 30 мянган хониор бэлэг барьж байгаагаа мэдэгдэж, гэрчилгээ хүртэл гардуулав. Бэлгийн хонио цуглуулах ажил Монгол Улсад одоог хүртэл үргэлжилж байна. Монгол Улсад ч тусламжийн гараа сунгасан улс орон байна. Хөрш хоёр улс нь шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, гуравдагч хөрш гэж тодорхойлогддог АНУ өвчний халдвар, тархалттай тэмцэхэд зориулж 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэн билээ.
Хүн ам цөөтэй Монгол Улс хурдан шуурхай арга хэмжээ авч чадаж байгаа учраас хүн ам, олон нийтийн дунд энэ өвчнийг тархаахгүй байгаа юм.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал гуравдугаар сарын 24-ний өдөр өгсөн ярилцлагадаа “Ковид-19 вирусний улмаас улсын хэмжээнд онц байдал хараахан зарлаагүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өгсөн чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Цагийн байдлаас шалтгаалан байдал бүр дордвол авах арга хэмжээ, стратеги бэлэн байгаа” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Гуравдугаардугаар сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад 2034 хүн хорио цээрийн дэглэмд байна. Гэсэн ч эх оронд нь монгол иргэдээ авчирсаны дараа энэ тоо нэмэгдэх төлөвтэй. Хорио цээрийн дэглэм барьж, иргэдийг тусгаарлаж буй есөн аймгийн дундаас Баян-Өлгий (Монгол орны хамгийн баруун хэсэг) хамгийн олон хүн буюу 360 орчим хүн байна” гэж мэдэгдсэн юм.
Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар сургууль, олон нийтийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийд гаргав. Түүнчлэн гадаадад буй 750 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөж байна. Үүний эхлэл болгож дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Өмнөд Солонгосоос, дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Японоос иргэдээ татан авна. Түүнчлэн ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу Улсын онцгой комисс шийдвэр гаргаж хорио цээр, тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан юм. Гадаадаас ирсэн иргэдийг байршуулах ажилд төрийн албаны хэд, хэдэн ажилчдаа дайчлан ажиллаж байгаа нь вирустэй тэмцэх ажилд ихээхэн дөхөм болсон билээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн баасан гарагт долоон төрлийн багц арга хэмжээ авч буйгаа зарласан. Уг шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, мөн дээр дурдсан хугацаанд хүн амын орлогын албан татвар авахгүй байх, албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон юм. Ажлын байраа хадгалах үүднээс COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгохоор ч болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дэлхий дахинд гайхагдан, үнэлэгдэж байна. Хүн ам цөөтэй Монгол Улс хурдан шуурхай арга хэмжээ авч чадаж байгаа учраас хүн ам, олон нийтийн дунд энэ өвчнийг тархаахгүй байгаа юм. Цаашид ямар бодлого баримталж, ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.