Хоёр хар нүхний нэгдлээс үүссэн таталцлын долгионыг анх удаа илрүүлжээ
"LIGO", "VIRGO" ажиглалтын төвүүдийн хамтарсан судалгаанд оролцож буй эрдэмтэд тэнхлэгээ эсрэг чиглэлд тойрон эргэдэг хоёр хар нүхний нэгдлээс үүссэн таталцлын долгионыг анх удаа илрүүлжээ. Энэ тухай Америкийн физикийн нийгэмлэгийн (APS) хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Бид урьд өмнө нь ийм системтэй таарч байгаагүй. Илүү том хар нүх нь тойрог замынхаа чиглэлээс эсрэг чиглэлд эргээд зогсохгүй том өнцгөөр эргэлддэг. Энэ нь тойрог замынхаа хавтгайтай холбоотойгоор эргэлтийн тэнхлэгүүд нь санамсаргүй байдлаар хазайсан хос хар нүхнүүдийн тусгай бүлэг байгааг харуулж байна” гэж АНУ-ын Пристоны их сургуулийн судлаач Сет Олсен хэлжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд "LIGO", "ViRGO" ажиглалтын төвүүдийн судлаачид хос хар нүх болон нейтрон оддын нэгдлээс үүссэн хэдэн арван таталцлын долгионыг илрүүлжээ. Орон зай-цаг хугацааны эдгээр хэлбэлзлийг судалснаар сансар судлаачдад, онолын одон орны физикчдэд хар нүхний нэг төрлийн "тооллого" явуулж, тэдгээрийн хувьсал, шилжилт хөдөлгөөнийг тайлбарласан онолыг шалгах анхны боломжийг олгосон байна.
Олсен болон түүний хамтран зүтгэгчид хамтарсан судалгааны ажиглалтын гурав дахь мөчлөгийн үеэр “LIGO, “ViRGO” төвүүдэд цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх явцдаа маш ер бусын хос хар нүхийг илрүүлжээ. 2020 оны гуравдугаар сард “COVID-19” цар тахлын улмаас ажиглалтын энэ мөчлөгийг хугацаанаас нь өмнө дуусгасан аж. Ажиглалтуудын үеэр одон орон судлаачид хос хар нүх болон бусад биетүүдийн нэгдлээс үүссэн 40 орчим таталцлын долгион илрүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.