Шинэ Зеланд Австралиас вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авч эхэлжээ.
Шинэ Зеланд “COVID-19” халдварын улмаас хоёр жил гаруйн турш хилээ хаасны эцэст мягмар гаргаас Австралиас вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авч эхэлжээ. Шинэ Зеланд нь халдварыг хяналтад авахын тулд дэлхийн улс орнуудаас хамгийн хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.
Хилээ үе шаттайгаар нээх төлөвлөгөөний дагуу Австралийн иргэд, байнгын оршин суугчдаас гадна түр ажилтнууд, гадаадын оюутнуудыг Шинэ Зеланд руу нэвтрэхийг зөвшөөрчээ. Тэд “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой бөгөөд ирэхдээ шинжилгээ өгөх шаардлагатай байна.
АНУ, Их Британи зэрэг визгүй зорчдог орнуудаас ирэх хүмүүсийн хувьд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн Шинэ Зеландаар аялахыг зөвшөөрнө. Мөн Шинэ Зеландын Хөдөө аж ахуйн сайд Дэмиен О'Коннор ажиллах хүчний хомсдолыг зохицуулахын тулд мягмар гаргаас эхлэн гадаадын фермийн ажилчдыг зарим шаардлагаас чөлөөлнө гэдгийг мэдээлсэн байна.
Тодруулбал, цагаан идээ, мах боловсруулах, ойн аж ахуйн салбарт Филиппин зэрэг орнуудаас 1500 гаруй туршлагатай ажилтнуудыг хүлээн авахыг зөвшөөрнө. “Radio New Zealand” радиод “Federated Farmers” байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Крис Луисын хэлснээр, энэхүү шийдвэр нь долоодугаар сард үнээ тугаллах үеэр мал аж ахуй эрхлэгчдэд тус нэмэр болно.
Шинэ Зеланд “COVID-19” цар тахал анх дэгдсэнтэй зэрэгцэн 2020 оны гуравдугаар сард олон улсын хилээ хаасан юм. Ийнхүү Австрали, Шинэ Зеландын хооронд зорчихыг 2021 оны дөрөвдүгээр сараас “дельта” хувилбар тархсан долоодугаар сар хүртэл зөвшөөрсөн богино хугацаатай аяллын хөтөлбөрийг эс тооцвол хилээ хаалттай байлгасан хэвээр байсан юм.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, коронавирустэй тэмцэхийн тулд хатуу хөл хорио тогтоох зэргээр чанга хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь өвчлөл, нас барсан тохиолдлын тоог цөөн байлгахад хувь нэмрээ оруулсан байна. Гэвч “омикрон” хувилбарын тархалтын улмаас эрх баригчид "Шинэ Зеландын “COVID-19”-ийн цайзыг" нураах цаг болсныг хүлээн зөвшөөрчээ.
Веллингтоны Засгийн газар ирэх 10 дугаар сард олон улсын хилээ бүх аялагчид бүрэн нээх төлөвтэй байна. Шинэ Зеландад цар тахал дэгдсэнээс халдварын улмаас 500 орчим хүн нас барж, 786 мянган тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Засгийн газрын албан ёсны мэдээлэл харуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.