БНСУ-д монголын аялал жуулчлалыг сурталчлахаар бэлтгэж байна.

БНСУ-д монголын аялал жуулчлалыг сурталчлахаар бэлтгэж байна.

Монголын Аялал жуулчлалын холбоо, ”Зочлох үйлчилгээний салбарын сургалт хөгжлийн төв”, “Монголын ганстром аялал жуулчлалын холбоо” ТББ хамтран “Аялал жуулчлал-Бизнес хэлцэл-2022”-ийг зохион байгуулав.

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторууд энэ үеэр туршлага солилцон, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, гэрээ байгуулж байна. Ингэснээр эдгээр байгууллага энэ онд хамтран ажиллах гэрээнээ нэг дор хийж цаг заваа хэмнэж байгаагаараа энэ үйл ажиллагаа онцлог, давуу талтайг МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат онцоллоо.

Тэрбээр, “Монгол Улс жуулчдаа хүлээж авахаар бэлтгэж байгаагийн нэг нь өнөөдрийн уулзалт, хэлцэл юм. Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сэргээхэд 10 тэрбум төгрөгийн зээл олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, БНСУ-аас ирэх жуулчдыг визгүй болгох зэргийг судалж байгаа. Салбарын яам, МАЖХ хамтран Япон, БНСУ-д монголын аялал жуулчлалыг сурталчлахаар бэлтгэж байна. Манай улсад сүүлийн 2 сард цөөн жуулчин ирлээ. БНХАУ хилээ нээхгүй байгаа нь манай уул уурхай, тээвэр зэрэг салбарт хүнд тусаж байгаа, харин гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нэмэх магадлалтай. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсож, жил бүр орж ирдэг байсан 600 сая ам.долларын орлого байхгүй болж, хүний нөөцийнхөө 50 хувийг алдсан. Энэ онд 2019 он шиг олон жуулчин ирэхгүй ч хүний нөөцөө бэхжүүлж, бэлтгэлээ базаан, тодорхой хэмжээнд шат дараатай ажил хийж байна” гэлээ.  

“Аялал жуулчлал-Бизнес хэлцэл 2022”-д жуулчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага, зочноор 200 орчим тур оператор компанийн төлөөлөл оролцжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.