МИАТ компани 50 тэрбумын алдагдалтай ажиллаж, 44 тэрбумын өрөнд оржээ
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээллээ хийлээ.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “МИАТ компаниас нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Бүх нислэгийн үеэр мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагынхан хамтран ажилласан. Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байгаа. Нислэг бүрийн дараа агаарын хөлгийг бүрэн ариутгалд оруулж байгаа. Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёр талын зорчигчтой Япон болон БНСУ руу нислэг хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх ачааны нислэгүүд үйлдэхээр төлөвлөсөн байна" гэлээ.
Түүнчлэн тэрбээр “МИАТ” ТӨХК-д үүсээд санхүүгийн асуудлаар дараах тайлбарыг хийлээ.
"МИАТ компани өнөөдрийг хүртэлх тусгай үүргийн бүх нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийсэн. Дэлхий даяар КОВИД-19 халдвараас шалтгаалж хамгийн түрүүнд нэрвэгдэж байгаа салбар бол агаарын тээвэр. Дэлхийн томоохон компаниудын дийлэнх хувь нь дампуурлаа зарлахад бэлэн болжээ гэсэн. Бид ч гэсэн хүнд байдалтай байгаа.
Энэ завшааныг ашиглаад хэлэхэд нэгдүгээр улиралд бид 90 тэрбумын орлого төлөвлөсөн байсан. Үүнээс 40 орчим тэрбумыг КОВИД-19 халдвар гарахаас өмнө хийж амжсан. 50 орчим тэрбумын алдагдал буюу орлогын төлөвлөгөө тасарсан. Дээр нь нэмээд гурван сарын хугацаанд буюу нэг улиралд нэмэлт зардал болох онгоцны агааржуулагчийг нислэг бүрд солих шаардлагатай болсон. Энэ нь маш өндөр үнэтэй. Мөн нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт гэх мэт зардлаас болж 52 тэрбумын зардал гарсан. Мөн онгоцны түрээс болон гэрээгээр хүлээсэн үүргээ төлөх шаардлагатай 44 тэрбумын өр, төлбөр үүсчихсэн маш хүнд байдалд байна. Гадаад дотоодын хамтран ажилладаг бүхий л байгууллагуудад хүсэлтээ илгээсэн.
Бидний зүгээс нислэг байвал үйлдэхэд бэлэн байна. Нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй нисгэгчдийнхээ цалинг тавиад УОК-оос шийдвэр гарсан тохиолдолд нисэж байгаа. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын хүсэлтийг харгалзан Улаанбаатараас гадагшаа нислэг үйлдэж байна. Ирэхдээ зорчигч авч ирэх эрхгүй тул ачаа тэвээр авчирч, зардлаа нөхөх байдлаар нисэж байна. Гадаадад ачаа тээврийн онгоцны хүрэлцээ муу учир онгоцныхоо суудлыг аваад карго тээвэрлэлтэд явахаар тендерт оролцох санал гаргасан. Энэ мэт бүхий хүчин чадлаараа ажиллаж байна. МИАТ компани өдийг хүртэл төрөөс татаас авахгүйгээр цалин мөнгөө тавьж, өөрийн орлогоороо нислэгээ үйлдэж ирсэн.
Чиглэл бүрийн нислэгийн үнэ өөр байдаг. Жишээлбэл, Ухань хотын нислэг 53 мянган доллар, Стамбулын нислэг 450 орчим сая төгрөг болдог" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.