Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталаа
ИХ-ын өнөөдрийн /2022.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, · Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Тэгвэл дөнгөж сая төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ч бас дүүргийн газар, хэлтсийн дарга хийж л байсан. Орон нутагт ажиллаж л байсан. Жаргал, зовлонг нь мэднэ. Гэхдээ одоо аймгууд хоёр орлогчтой болсон байна. Зарим аймаг гурав, дөрөв дэх орлогчоо оруулж ирж байна. Хот зургаан орлогчтой болсон байна, удахгүй 10, 11 орлогчтой болоод явна. Засгийн газрын тогтоолоор явахаар ялгаатай хандлаа гээд асуудал үүсээд байгаа юм. Нэг талд нь шийдсэн зөв. Яагаад нэг орлогчтой байж болохгүй гэж. Өмнө нь ажиллаад л явж байсан шүү дээ. Нэг чиг үүргийг гурван хүн хийгээд байх нь зохисгүй. Улс төрийн томилгоо байгаа нь үнэн шүү дээ. Нэгдсэн тогтолцоондоо ороод явахгүй бол маш их данхаасан байна. Төрийн албан хаагчдын цалинг нь нэмж чадахгүй байдалд орсон байна. Хэмнэлтийн цаг хугацаа байгаа дээр ингээд хуультай болох нь дээр байх аа. Хуульчилсан нь зүйтэй л гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан ч бай, төрийн албан хаагч болон иргэдэд төр тансаг харагддаг болсон. Хэтэрхий цамаан харагддаг болсон. Төр данхайж харагддаг болсон. Үүнийгээ цэгчлээч ээ л гэж байгаа юм. Мөнгөндөө биш хандлага, зарчимдаа төрийн хэмнэлтийн хууль хадгалагдаж байгаа байх. Өмнө гарч байсан, хэмнэх гэж оролдсон ордлогыг хууль гаргасан учраас хэмнэж байна. Одоо зургаан, долоон орлогчтой газар, дарга нар хүртэл байна. Үүнийг л цэгцлэх гэж байгаа юм" гэлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно.
Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.
Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно.
Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.
Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.
Энэ хуульд заасныг зөрчиж дэд дарга, тэргүүн дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.