Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

“Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа” гэж Сангийн сайд мэдээлэл хийхдээ хэллээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг судлан үзэж санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
 
Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.  

Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.
 
Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;

Гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах;

2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах;

“Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;

Гадаадын жуулчдын урсгалыг татах чиглэлээр байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан арга хэмжээний нэгд сэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах Тус салбарын цахим шилжилтийг хурдасгаж, жуулчдын мэдээлэл авах, захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх, төлбөр төлөх үйл явцыг цахимжуулж, е-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах бусад хуулиудад оруулах өөрчлөлт, журмын төсөл боловсруулах зэрэг үүргийг Засгийн газрын гишүүдэд өглөө. Мөн хуралдаанаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр боллоо.
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны долдугаар сард ашиглалтад орно

“Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байна, энэ оны долдугаар саjд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын холбох замын барилгын ажил 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн, 5,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6,1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144,9 км, 29,6 сая м.куб газар шорооны ажил, 14,6 км урт туннель, 4,77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.