Улаанбаатар-Франкфуртын нислэгийн давтамжийг нэмнэ

Улаанбаатар-Франкфуртын нислэгийн давтамжийг нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Франкфуртын нислэгийг долоо хоногт таван удаа үйлддэг болохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх нислэг нь алдагдалтай тул Засгийн газраас МИАТ компанид татаас олгох болжээ. Мөн агаарын тээврийн салбарын либеральчлал, Монгол Улсад ирж буй жуулчдад татварын буцаан олголт олгох шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбарынхантай уулзсан байна. Улмаар долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсож, шийдвэр гаргахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр агаарын тээврийн урсгалыг нэмэх талаар түлхүү хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныханд доорх үүргийг өгсөн байна. Үүнд:

-Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;

-Гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах;

-2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын баг байгуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах;

-“Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц ажил хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;

-Гадаадын жуулчдын урсгалыг татах байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан ажлын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах

-Тус салбарын цахим шилжилтийг хурдасгаж, жуулчдын мэдээлэл авах, захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх, төлбөр төлөх үйл явцыг цахимжуулж, е-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах бусад хуулиудад оруулах өөрчлөлт, журмын төсөл боловсруулах,

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

-Улаанбаатар хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газрын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Халтарт даалгалаа.

-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий шуурай ажлын баг байгуулж, холбогдох мэдээлэл, саналыг Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.

-Улаанбаатар хотноо ирэх сарын 12-нд зохион байгуулах Монгол, Британийн дугуй ширээний 14 дүгээр уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.