БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч БНХАУ-ын дэд даргыг хүлээн авч уулзав
Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сок Ёль мягмар гарагт тангараг өргөх ёслолд нь хүрэлцэн ирсэн гадаад орнуудын өндөр дээд албаны зочдыг хүлээн авч уулзжээ. Түүний дотор БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньтай хэлэлцээ хийсэн талаар "Эн-Эйч-Кей" мэдээллээ.
БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Хятад улсын дарга Ши Жиньпины тусгай төлөөлөгчийн хувиар тус тангараг өргөх ёслолд оролцсон байна. Тэрбээр мөн урьд өмнө Өмнөд Солонгосын төрийн тэргүүний албан тушаалдаа орох ёслолд оролцсон Хятадын төрийн зүтгэлтнүүдээс хамгийн өндөр албаны хүн болжээ.
“Хятад, Өмнөд Солонгос хоёр улс ойрын хөршүүд, чухал түншлэгч орнууд юм” гэж мэдэгдсэн Ван Чишаний үгийг мэдээллийн “Синхуа” агентлаг иш татан уламжилсан байна.
Хятадын дэд дарга, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд гаргахын тулд Хятад улс БНСУ-тай тууштай хамтран ажиллах бодолтой байгааг мэдэгджээ.
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Хятад улсад айлчлахыг урьсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгыг Ван Чишань уламжилсан талаар Сөүлийн тал мөн мэдээллээ.
Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх вий гэдэг Бээжингийн болгоомжлолын талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мөн мэдээлж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.