БНАСАУ-д ковидын улмаас найман хүн нас барж, нас баралт 50 болжээ.

БНАСАУ-д ковидын улмаас найман хүн нас барж, нас баралт 50 болжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад коронавирусний халдвар тархсантай холбогдуулан эмийн сангуудад шаардлагатай эм, хэрэгслийн нийлүүлэлтийг тасралтгүй хангахын тулд цэргүүдийг дайчлах тушаал гаргажээ.

Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо өнгөрсөн ням гарагт /2022.05.15/ шуурхай хуралджээ. Хуралдааны үеэр Ким Жон Ун улсын нөөцөөс эм, хэрэгсэл гаргаж, эмийн сангуудыг хоногийн 24 цаг ажлын горимд шилжүүлэх үүрэг өгсөн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт ковидын улмаас найман хүн нас барж, нас баралт 50 болж, өсжээ. Ням гарагт 392920 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Ингэснээр ковидын шинж тэмдэг илэрсэн хүний нийт тоо 1.21 саяд хүрснээс одоогоор 564860 хүн эмчлүүлж байгаа бол 648630 нь бүрэн эдгэрчээ.

Энэ сарын 12 Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ тус улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн билээ. Тус агентлагийн мэдээллээр, дөрөвдүгээр сарын сүүлээр хүн амын дунд халуурах шинж тэмдэг илрэх болсон байна. Үүнтэй холбогдуулан Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо шуурхай хуралдаж, бүх хот, сууринд хөл хорио тогтоосон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.