БНСУ Аяллын виз(C-3) болон цахим виз олгох ажлыг сэргээхээр боллоо.
БНСУ нь “Ковид-19”-ийн халдварт өвчний цар тахлаас болж сүүлийн хоёр жил гаруй хугацаанд аяллын виз болон цахим виз түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу 5-р сарын 19-ний өдөр тус улсын “Хууль зүйн яам”-наас аяллын виз болон цахим визийг сэргээхээ мэдэгдэж ирэх 6-р сарын 1- нээс гадаад иргэдэд аялал жуулчлалын С-3 виз олгохоор болжээ.
Мөн тус улсын хууль зүйн яамнаас гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлснээр дотоодын зэх зээлийн эрэлт нэмэгдүүлэх боломжтой бөгөөд ингэснээр уналтад ороод буй жижиг дунд аж үйлдвэрлэлийг сэргээх боломжтой бөгөөд цаашид ч богино хугацааны аяллын виз олгох журмыг хөнгөвчлөх болно гэж мэдэгдлээ.
Түр хугацааны буюу “С-3” виз нь зах зээлийн судалгаа хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, аялал жуулчлал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, төрөл төрөгсөдтэй уулзах, уулзалт семинарт оролцох зэрэг зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаатай тус улсад зорчих гадаадын иргэдэд олгодог виз юм.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Ковид-19” халдварын улмаас энэхүү С-3 визийг зөвхөн дипломат ажил алба, олон нийтийн гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, худалдааны менежмент, хүмүүнлэгийн чиглэлд л олгож байсан юм.
Мөн “С-3” визнээс гадна олон удаагийн мульт визийг дахин сэргээх шийдвэр гаргалаа. Олон удаагийн мульт визтэй иргэдийн хувьд 2020 оны 4-р сарын 5-наас өмнө виз нь гарсан бөгөөд хүчинтэй хугацаа нь хэвээр байгаа бол ямар нэгэн нэмэлт арга хэмжээ авахгүйгээр мульт визээ ашиглах боломжтой гэжээ.
Эх сурвалж : NNews.com
Орчуулж эмхтгэсэн : Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.