БНХАУ Умард Солонгост халдвартай тэмцэхэд шаардлагатай эм, хэрэгсэл тусламжаар олгосон
БНАСАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн “Air Koryo ” компанийн гурван онгоц Хятад улс руу илгээж, тус улсад дэлгэрсэн ковидын халдвартай тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн эм, хэрэгсэл авсан тухай Өмнөд Солонгосын “YTN” телевиз мэдээлжээ.
БНХАУ өнгөрсөн даваа гарагт Умард Солонгост халдвартай тэмцэхэд шаардлагатай эм, хэрэгсэл тусламжаар олгосон байна. Умард Солонгосын ачаа тээврийн гурван онгоц Хятадын Ляонин мужийн Шэньян хотын нисэх онгоцны буудалд тухайн өдрийн өглөө газардаж, орой нь буцсан байна. Хятадын эрх баригчид энэ тусламжийн талаар тайлбар өгөөгүй гэж тус телевиз онцолжээ.
Үүнээс өмнө Ёнхап агентлаг эх сурвалж дурдан Пёньян Бээжинд хандан тусламж хүссэн тухай мэдээлж байсан билээ. Хятад улс мөн ийм хүсэлт ирвэл БНАСАУ-д тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааны үеэр Хятадын туршлагыг судлах үүрэг өгч байжээ.
Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ өнөөдөр /2022.05.19/ мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт 232 мянган хүнд халуурах шинж тэмдэг илэрч, нийт тохиолдлын тоо 1.72 саяд хүрчээ. Мөн зургаан хүн эндэж, нийт нас баралт 62-д хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.