Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Новак Каталинд баярын захидал хүргүүлэв.
Баярын захидалд:
“Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч өө,
Унгар Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс нь Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд манай хоёр улсын ард иргэд ойр дотно харилцаатай билээ. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг.
Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд төдийгүй хоёр улсын нийгэм, эдийн засгийн тууштай өсөлт, ард иргэдийн сайн сайхны төлөө Монгол, Унгарын харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхэд Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Тантай хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.