БНСУ-ын Ерөнхийлөгч хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг үүрэг болгожээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл институцийн өөрчлөлт хийж, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх замаар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг холбогдох албаны төлөөлөгчдөд өнөөдөр үүрэг болгожээ.
Юн Сок Ёл Засгийн газрын хуралдааны үеэр энэхүү чиглэлийг өгөхдөө хагас дамжуулагч нь улсын нийт экспортын 20 хувийг эзэлдэг “үндэсний аюулгүй байдлыг хөрөнгө” хэмээн тодорхойлсон байна.
“Бид хагас дамжуулагчийн салбарын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх институцийн нөхцөлийг бий болгохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэ салбарт чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх нь туйлын чухал юм” гэж тэрбээр хэлжээ.
БНСУ нь дэлхийн чипний зах зээлийн 19.9 хувийг бүрдүүлдэг бөгөөд үүгээрээ АНУ-ын /49.8/ араас хоёрдугаарт бичигддэг болохыг Ерөнхийлөгчийн ажлын албанаас танилцуулсан тоон мэдээлэл харуулж байна.
Засгийн газрын хуралдааны үеэр Шинжлэх ухааны сайд Ли Чон Хо хагас дамжуулагч, түүний стратегийн үнэ цэнийн талаар мөн илтгэл тавьжээ. Юн Сок Ёлын хувьд энэ салбарт чадварлаг байх нь чухал гэдгийг тодотгоод, ийм ажиллах хүчгүй бол хурдацтай өсөлтийн талаар ярих ч боломжгүй гэсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуулийн талаар хэлэхдээ шинээр сонгогдсон хотын дарга, захирагч нартай аль болох ойрын хугацаанд уулзахаа амлаад, орон нутгийн засаг захиргаад нь төрийн хэргийг эрхлэхэд “чухал түнш” гэдгийг онцолжээ.
Мөн тэрбээр эдийн засгийн сорилтуудыг зохицуулахад хамтын хүчин чармайлт гаргахыг орон нутгийн шинэ засаг захиргаад, Засгийн газар, ерөнхийлөгчийн ажлын албанд уриалаад, ард иргэдийн амьдралын нөхцөлийг тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.