Дэлхийн банк БНСУ, Хятад болон Монгол улсыг хариуцсан шинэ захирлыг томиллоо
Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирлаар Мара Уорвикийг албан ёсоор томилсон байна. Тэрбээр Бээжин хотоос суурин ажиллах Хатагтай Уорвик нь Хятад улстай явуулах шинэ үеийн түншлэлийн харилцаа, Монгол Улсыг дэмжих хөтөлбөрийн тэлэлт, Солонгос улстай хийх инноваци, технологид чиглэсэн эрчимжиж буй мэдлэгийн түншлэлийг удирдан ажиллах багийг ахлах юм.
Сүүлийн гучин жилийн хугацаанд Дэлхийн Банкнаас Монгол Улсад 1.4 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгоод байна. Дэлхийн Банкны Группын Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хүрээ баримт бичигт Дэлхийн Банкны зүгээс КОВИД-19 болон бусад шинэ хямралыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад ажлын байр бий болгох, уур амьсгалд тэсвэрлэх чадварыг сайжруулах замаар илүү тогтвортой, хүртээмжтэй мөн бат бөх сэргэлтийг бий болгохын төлөө ажиллах талаар тусгасан байна.
Мара Уорвик, "Би Хятад, Монгол болон Солонгос улсад эргэн ажиллах болсондоо их баяртай байна" гэж хэлээд, “1990-ээд оноос хойш олон жилийн турш энэ бүс нутгийн үсрэнгүй хөгжлийг би өөрийн биеэр харсан. Өнөөгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх, мэдлэгийн солилцоог бэхжүүлэхийн тулд Дэлхийн Банкны нэн чухал түншүүд болох эдгээр гурван оронтой нягт хамтран ажиллах болно” хэмээн онцолжээ.
Австралийн иргэн хатагтай Уорвик нь өмнөх захирал Мартин Райзерын халааг авч буй бөгөөд ноён Райзер нь Өмнөд Ази хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон АНУ руу шилжин ажиллахаар болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.