Путин Украины 4 бүс нутаг Оросын хэсэг болсныг зарлав
ОХУ Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн нь олон улсын шүүмжлэлд өртөж байна.
Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Кремлийн Гэгээн Жоржийн ордонд болсон ёслолын үеэр бүс нутгийн удирдагчидтай "Элсэлтийн гэрээ"-нд гарын үсэг зурав.
Улс төрийн элитийн гишүүдийн ажигласнаар тэрбээр бүс нутгууд нь "үүрд" Оросын нэг хэсэг болно гэж тунхаглав.
Киев үүнд хариу үйлдэл үзүүлж, НАТО-гийн эвсэлд нэгдэх шинэ санал дэвшүүлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхий сайд, парламентын дарга нарынхаа дэргэд Украиныг аюулгүй байдлын эвслийн "де-факто" гишүүн байсаар ирсэн гэж хэлээд Москваг зүй бусаар харьцаж, худал хуурмагаар хил хязгаарыг дахин зурсан гэж буруутгав.
Зеленский Киевийн төвөөс үг хэлэхдээ "Бид Украиныг НАТО-д элсэхийг түргэсгэх өргөдөлд гарын үсэг зурснаар шийдэмгий алхамаа хийж байна" гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уг саналд оролцохоос татгалзаж, шийдвэр нь эвлэлийн 30 гишүүнээс хамаарна гэж мэдэгдэв. Гэвч тэрбээр Москва Украины газар нутгийг өөртөө нэгтгэснийг буруутгаж, энэ үйлдлийг "Дайн эхэлснээс хойших хамгийн ноцтой хурцадмал байдал" гэж нэрлэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн ноён Путинийг буруутгаж, "НҮБ-ын дүрмийг уландаа гишгэж, энхтайвныг эрхэмлэгч улс орнуудыг жигшиж байгааг харуулж байна" гэж мэдэгдэв.
ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен. "Оросын түрэмгийлэгчдийн хууль бусаар эзэлсэн бүх газар нутаг нь Украины газар нутаг бөгөөд энэ бүрэн эрхт үндэстний нэг хэсэг байх болно" гэв.
Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Оросын түрэмгийллийг даван туулахын тулд Украины талд зогсож, Украины нутаг дэвсгэр даяар бүрэн тусгаар тогтнолоо сэргээх боломжийг олгох амлалт өгсөн байна.
Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснээ Путин зарласны дараа АНУ-ын засаг захиргаа Москвагийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлажээ. Энэ удаагийн хориг арга хэмжээнд Путиний дэглэмтэй холбоотой олон зуун хувь хүн, Оросын армийн ханган нийлүүлэгч 14 байгууллага багтаж, АНУ-ын экспортын хяналтын жагсаалтад өөр 57 байгууллагыг нэмсэн байна.
Үүнээс гадна Их Долоогийн бүлгийн гишүүд болох АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад улсууд Оросын хууль бус нэгтгэлийг дэмжсэн орнуудын эсрэг хатуу арга хэмжээ авахаар санал нэгджээ. Бас бүлгийн гишүүн бүр Оросын эрх баригчдын эсрэг тус тусын хориг арга хэмжээгээ авч эхэлсэн юм. АНУ болон түүний холбоотнуудын авсан хариу арга хэмжээ Хятад, Энэтхэг зэрэг Оросын эсрэг эдийн засгийн хоригт нэгдээгүй орнуудад үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.
Владимир Зеленский: Путин ОХУ-ын Ерөнхийлөгч хэвээр байгаа цагт энхийн хэлэлцээ хийхгүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путин ОХУ-ын Ерөнхийлөгч хэвээр байгаа цагт энхийн хэлэлцээ хийхээс татгалзана гэдгээ албан ёсны “Telegram” сувгаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр "Оросыг эрх тэгш, нэр төртэй, шударга нөхцөлөөр зэрэгцэн оршихыг үргэлж санал болгож байсан" гэж мэдэгдээд, хэлэлцээр амжилтгүй болсонд Оросыг буруутгаж, "Бид Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ энэ нь Оросыг өөр Ерөнхийлөгчтэй болсон цагт" гэж тэрбээр бичжээ.
Түүний “Telegram” дахь ихэнх нийтлэлээс ялгаатай нь энэ нь зөвхөн украин хэл дээр бичигдсэн бөгөөд англи хэл дээрх орчуулгагүй байв. Зеленский Москвагийн энхтайвны тухай санал хүсэлтийг удаа дараа няцаасан бөгөөд хамгийн сүүлд баасан гарагт Путиний хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналаас татгалзсан юм.
"Украиныг бэхжүүлж, эзлэн түрэмгийлэгчдийг манай бүх нутаг дэвсгэрээс хөөн гаргах зам л энхтайвныг сэргээнэ" гэж Зеленский мэдэгджээ.
Украин улс НАТО-д элсэх өргөдлөө баасан гарагт ирүүлснийг Зеленский мөн баталсан. Барууны хэвлэлүүд энэ алхмыг практик гэхээсээ илүү бэлгэдлийн шинжтэй гэж тодорхойлжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.