Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар эргүүл хийж байна

Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар эргүүл хийж байна

Сайнцагаан сумын Засаг даргын шийдвэрээр тус сумын ерөнхий боловсролын таван сургууль, найман цэцэрлэгийн багш нар хуваарь гарган хариуцлагатай жижүүр хийж байна.

COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарыг дуустал түр хугацаагаар зогсоогоод байгаа.

Харин цаг агаар харьцангуй дулаарч байгаа учраас хүүхдүүд гадаа тоглох, зугаалах хандлага нэлээд ихэсч байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хэд хэдээрээ гадуур их явж байгаа аж.

Тиймээс багш нар энэ сарыг дуустал 10.00-16.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр хийхээр болсон байна. Энэ сарын 2-нд нийт 18 багш эргүүл хийж, дэлгүүр, үйлчилгээний газруудаар явж, шаардлага тавьж ажиллажээ.

Тэдний ажигласнаар өчигдрийн байдлаар гадуур явж байгаа иргэдийн 60 хувь нь амны хаалтгүй явж байсан байна. Амны хаалтгүй явж байгаа иргэдийн хувьд нэг удаагийн амны хаалт олдоц ховор, худалдаанд байгаа нь үнэтэй байна гэх мэтчилэн олон шалтаг хэлж байсан учраас жижүүр хийсэн багш нар үдээс хойш том, жижиг амны хаалтны эсгүүр гаргаж, түүнийг оёх зөвлөмжийн хамт амны хаалтгүй зорчиж байгаа иргэдэд өгчээ.

Энэ сарын 2-ны байдлаар хашаандаа тоглож байсан дөрвөн настай хүүхэд хашаанаасаа гарч, төөрсөн байсныг эргүүлийнхэн эцэг эхийг нь олж хүргэж өгсөн байна.

Мөн орой үдэш ахлах ангийн сурагчид дөрөв, таваараа зугаалж, сэлгүүцэх, хүүхэддээ амны хаалт зүүлгэлгүй гадуур авч явах, дэлгүүр, үйлчилгээний газрын ажилчид өөрсдөө амны хаалтгүй үйлчилгээ үзүүлэх зэрэг дутагдал байсныг дор бүр нь анхааруулж, ойлгууллаа хэмээн эргүүл хийсэн багш нар танилцууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.