Сингапурт шинж тэмдэггүй тээгчээс халдвар дамжсан нь батлагджээ
СИНГАПУР. /TASS/. Сингапурт шинж тэмдэггүй тээгчээс коронавирус халдварласан анхны тохиолдол батлагдсан гэж “The Straits Times” сонинд тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээс, мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн эрдэм шинжилгээний судалгаанаас иш татан бичжээ.
“Хоёр орны мэргэжилтнүүд Сингапурт “COVID-19” өвчин ямар замаар халдварлаж байгааг нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд судалсан. Судалгааны дүнд дор хаяж 10 хүн шинж тэмдэггүй тээгчээс халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний дотор Ухань хотоос ирсэн хоёр жуулчин байсан бөгөөд Сингапурт байх хугацаанд нь өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй” гэж Сингапурын Эрүүл мэндийн яамны халдварт өвчин судлалын газрын дарга Вэрмон Ли ярьсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, халдвар анхны тээгчид шинж тэмдэг илрэхээс гурав хоногийн өмнө дамжих боломжтой байна. Сингапурын мэргэжилтнүүд ийм замаар халдвар дамжиж буйд ихээхэн санаа зовж байгаа аж. Учир нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг одоо зөвхөн халуурах, нус гоожих, ханиалгах гэх мэт тодорхой шинж тэмдэг илэрсэн хүмүүст авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яамны зөвлөмжид "энэ үе шатанд хамгийн чухал нь хүмүүс хоорондын зайг хадгалах, хувийн аливаа харилцаа холбоог багасгах явдал юм" гэдгийг анхааруулжээ.
Сингапурт коронавирусний халдвар авсан хүний тоо 1000 давж, дөрвөн хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.