Сар шинийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж өндөрлөлөө.
Энэ жилийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглолоо. Шөвгийн дөрөвт улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан М.Лхагвагэрэл нар үлдэж, долоогийн даваанд улсын даян аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайг амлаж, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нар тунаж барилдав. Улмаар үзүүр, түрүүнд улсын даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий нар үлдэж, Б.Бат-Өлзий 8 давж түрүүллээ. Б.Бат-Өлзий нь Сар шинийн баярт зориулсан барилдаанд ийнхүү хоёр дахь удаагаа (2018) түрүүлж байгаа юм.
"Улаанбаатар хивс" компанийн нэрэмжит цахиур хагалах өсөх ирээдүйтэй залуу бөхийн энэ жилийн шагналыг аймгийн арслан Я.Бумбаяр хүртэхээр болов. Тэрбээр Сар шинийн барилдаанд аймгийн цолтой бөхчүүдээс ганцаараа 5 давж шөвгөрсөн юм.
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо.
1963 оноос хойш болж буй Сар шинийн баярт зориулсан барилдаанд анх улсын заан Ж.Мөнхбат (хожмын дархан аварга) түрүүлж байсан бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон 13 удаа түрүүлсэн түүхтэй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.