“Хү” хамтлаг “Citizens Of The World” нэртэй баримтат кино бүтээжээ.
Монголын хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг өнөөдрийг хүртэлх замналынхаа талаар өгүүлэх “Citizens Of The World” нэртэй гурван ангит богино хэмжээний баримтат кино бүтээжээ.
“Хү” хамтлагийнхан сүүлийн таван жилийн хугацаанд Өрнөдийн орчин үеийн рок/металл урсгалыг Монгол хөөмий, уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй хослуулсан “хүннү рок” хэмээх урсгалаараа дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн билээ.
Тэд стриминг үйлчилгээгээр нийтдээ 329 сая гаруй хандалт, “Youtube” платформд 290 сая гаруй хандалт аваад байгаа бөгөөд Америкийн “Billboard” сэтгүүлийн “Top 5 Mainstream Rock” жагсаалтад хоёр дуу нь багтаж, дэлхий даяарх олон аялан тоглолтынх нь тасалбар өндөр хувьтай борлогдсон амжилт үзүүлж, “Coachella”, “Lollapalooza”, “Download Festival” зэрэг хөгжмийн наадамд оролцсоноос гадна “Billboard”, “NPR”, “GQ”, “The Guardian”, “Revolver” зэрэг сонин сэтгүүлээр зогсохгүй алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоноос өндөр үнэлгээ аваад байгаа юм.
“Citizens Of The World” баримтат киноны эхний ангиар үзэгчид хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн гишүүн Гала, Жаяа, Тэмка, Энкүш нартай, мөн морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй нь танилцах боломжтой. Түүнчлэн сонсогчдод өөрсдийнхөө дотор орших “дайчин сүнс”-ийг сэрээж, түүгээрээ дамжуулан дэлхий даяар сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх үзэл санааных нь талаар өгүүлсэн байна. "Хү"-г 2022 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодруулснаар уг анги төгсдөг. Ирэх гуравдугаар сарын 1, 15-ны өдрүүдэд тус тус цацагдах сүүлийн хоёр ангид хамтлагийн гишүүд өнгөрсөн 12 дугаар сард ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд хүрэлцэн очиж арга хэмжээнд оролцсон тухай, мөн алдарт “Casino de Paris” концертын танхимд уран бүтээлээ толилуулсан талаар өгүүлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.