БНСУ, АНУ агаарын цэргийн томоохон хамтарсан сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүлсэн 

БНСУ, АНУ агаарын цэргийн томоохон хамтарсан сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүлсэн 

БНСУ, АНУ Пёньянаас учрах цэргийн аюул заналыг тогтоох барих хүчээ бэхжүүлэх хамтын хүчин чармайлтын хүрээнд агаарын цэргийн томоохон хамтарсан сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүлсэн талаар БНСУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээлжээ.

Сөүл хотоос 260 гаруй км зайд оршдог Кванжу хот дахь агаарын цэргийн баазад 12 хоног үргэлжлэх “Korea Flying Training” сургуулилалтад /KFT/ 110 орчим нисэх онгоц, 1400 гаруй цэрэг оролцоно. Тодруулбал, БНСУ-ын “F-35A”, “F-15K”, “KF-16” зэрэг 60 гаруй онгоц, АНУ-ын талаас “F-16”, “A-10”, “F-35B”, “FA-18” зэрэг 40 орчим байлдааны онгоц оролцох аж.

Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, энэ удаагийн сургуулилалт нь холбоотнуудын дэвшилтэт сөнөөгч онгоцнуудын үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах чадавхыг дээшлүүлэхэд чиглэнэ. “KFT” нь холбоотнуудын жил бүр тогтмол хийдэг томоохон хоёр сургуулилалтын нэг юм. Уг сургуулилалтын хувьд оны эхний хагаст зохион байгуулагддаг бол “Vigilant Storm” нэртэй нөгөө сургуулилалт нь оны сүүлийн хагаст болдог. 

Пёньян өнгөрсөн пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин харваж, БНАСАУ-ын эргүүлийн завь бямба гарагт де-факто далайн хилээр нэвтэрсний дараа Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед энэ сургуулилт болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.