Юүн Сог Ёль: Хар тамхины эсрэг дайнд ялахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно
БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сог Ёль хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоохын тулд бүхий л нөөц бололтоогоо дайчлан ажиллана гэдгээ амлалаа.
Тус улсад сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг олноор гарах болсон. Тухайлбал, ахлах сургуулийн сурагчдад фентамфетамин агуулсан ундаа тараасан, А зэрэглэлийн жүжигчин 4 төрлийн мансууруулах бодис удаан хугацаанд хэрэглэсэн, охид залуус жингээ хасах, хадгалахын тулд сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэрэглэсэн зэрэг хэрэг гарсан нь тус улсад аюулын харанга дэлдээд байна.
Засгийн газрын хуралдааны үеэр Юүн Сог Ёль "Засгийн газар хар тамхины эсрэг дайнд ялахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэж мэдэгджээ.
Албан ёсны мэдээллээр 2022 оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд тус улсад хар тамхитай холбоотой хэргээр нийт 5809 хүн саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хууль сахиулагчдын хураан авсан хар тамхины хэмжээ өмнөх оны мөн үеэс 55 хувиар өсч, 306.8 кг болжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, хар тамхитай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих агентлаг хоорондын шинэ мөрдөн байцаах баг ажиллаж эхлэх гэнэ.
Тусгай мөрдөн байцаах баг нь прокурор, цагдаа, Өмнөд Солонгосын гаалийн алба, Боловсролын яам, Хүнс, эмийн аюулгүй байдлын яам, Сөүл хотын захиргаа зэрэг 840 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.
Мөн сэргээн засах эмчилгээг хүртээмжтэй байлгахын тулд 24 эмнэлэгт нэмэлт хөрөнгө оруулалт оруулахаар болжээ. Одоогийн байдлаар энэ чиглэлээр бие даан үйлчилгээ үзүүлж буй 2 эмнэлэг байгаа бөгөөд уг тоог 3 болгож нэмэгдүүлнэ гэлээ. Засгийн газраас 190 мэргэжилтэнг мансууруулах бодистой холбоотой нөхөн сэргээх чиглэлээр сургаж, 90 мэргэжилтэнг Солонгосын Хар тамхины эсрэг нийгэмлэгт сургахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.