БНСУ, Америк Пёнъяны эсрэг хамгаалалтаа сайжруулахаар тохиролцжэ
Америк, Өмнөд Солонгосын тэргүүнүүд Умард Солонгосын эсрэг хамгаалалтаа сайжруулж, шаардлагатай тохиолдолд Америкийн цөмийн зэвсгийг ашиглан хариу өгнө гэж тохиролцжээ.
АНУ-д айлчилж байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юун Сук Ёл, Нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден нар Пёнъяны эсрэг хамгаалалтаа сайжруулахаар тохиролцжээ. Лхагва гарагт хоёр улсын тэргүүн Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн хурал хийж, Умард Солонгосын эсрэг "Вашингтоны тунхаг" нэртэй гэрээ байгуулснаа зарласан байна.
Энэ хүрээнд Вашингтон 1980-аад оноос хойш анх удаа цөмийн шумбагч онгоцуудаа Өмнөд Солонгосын боомтод байршуулахаа амласан байна. Мөн хоёр тал цөмийн төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх Цөмийн зөвлөлдөх хэсэг байгуулахаар тохиролцжээ.
“Умардын талаас цөмийн халдлага хийсэн тохиолдолд Сөүл, Вашингтон хоёр АНУ-ын цөмийн зэвсгийг оролцуулан эвслийн хүчийг бүрэн ашиглаж хурдан, хатуу, шийдвэртэй хариу өгнө” гэж Юн Сук Ёл ярьсан байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр улсын байгуулсан энэхүү гэрээ Умард Солонгосын довтолгоог таслан зогсоох холбоотнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэжээ.
АНУ Өмнөд Солонгосыг хамгаалах гэрээний үүрэг хэдийнэ хүлээж, шаардлагатай бол цөмийн зэвсэг ашиглахаа өмнө нь амлаж байсан ч, Өмнөд Солонгосын талаас зарим хүмүүс энэ амлалтад эргэлзэж байгаагаа илэрхийлж, цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг тус улсад уриалж эхэлсэн юм.
Шинэ гэрээ нь хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүн гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.