БНСУ-ын Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалж, Туул голын тохижилтод нэвтрүүлэх талаар Хан мөрний бизнесийн төвийн захирал Чү Юун Тэтэй уулзаж, санал солилцов.
Хан мөрөн нь хотынхоо дундуур 40 км орчим үргэлжилдэг бөгөөд 11 цэцэрлэгт хүрээлэнтэй. Жилд дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа бий. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газраас гадна эдийн засаг, худалдаа, үйлчилгээний томоохон бүс болон өргөжсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дэлхийн томоохон хотууд гол дагасан бүтээн байгуулалтдаа анхаарч, өндөр ач холбогдол өгдөг. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох шаардлагатай. Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэйгээ хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангасан байна. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ.
Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан. Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн. Манайд мөн ийм бололцоо бий. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн. Гол нь санхүүгийн схемээ яаж гаргах вэ, санхүүгийн эх үүсвэрийг яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал бий. Үүнийг Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татах схем байна. Бид санхүүгийн эх үүсвэр олохын тулд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай байдлыг хангахын тулд шийдэл, гарцуудыг заавал хийх ёстой. Энэ хүрээнд ажлууд төлөвлөн хийж байна" хэмээлээ.
Хан мөрөн төслийн удирдагч Ким Жон Ёон “Анх далан байгуулж, усыг тогтвортой хэмжээнд байлгах, голын урсгалыг жигд байлгах чиглэлээр түлхүү ажилладаг байсан. Өдгөө иргэдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Хан мөрний дагуу бүтээн байгуулалт хийснээр байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Байгаль орчны нөлөө, усны чанар зэргийн судалгааг Эрүүл мэнд, байгаль орчны судалгааны хүрээлэн тогтмол хийдэг” гэв.
Хан мөрний бүтээн байгуулалт нь нэг талаасаа иргэд амарч, зугаалах, нөгөө талаасаа бизнес, худалдаа, үйлчилгээний маш том орчин болжээ. Манай хотын хувьд тус бүтээн байгуулалтаас туршлага судлах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өргөн цар хүрээтэй боломж байгааг харуулж байна хэмээн Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцолж байлаа.
Мөн тус мөрний дагуу байгуулсан хиймэл аралд рапсын цэцгийн үзэсгэлэнг зохион байгуулж байв. Тус үзэсгэлэнг амралтын нэг өдөр 20-25 мянган хүн үзсэн бөгөөд амарч, зугаалах, зураг авахуулах зорилгоор хамгийн их зорьж ирдэг гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.