Илон Маск, Марк Цукербергтэй тулаанаа Эртний Ромын алдарт Колизейд хийхээр төлөвлөөд байна 

Илон Маск, Марк Цукербергтэй тулаанаа Эртний Ромын алдарт Колизейд хийхээр төлөвлөөд байна 

Tesla-г үндэслэгч, Твиттерийг эзэмшигч, дэлхийн толгой баян Илон Маск фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергтэй тулаанаа Эртний Ромын алдарт Колизейд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Эхэндээ тулааныг Лас-Вегасын тансаг ордонд болж магадгүй гэх таамаглал байсан ч Италийн Соёлын яамнаас тулааныг ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог, эртний гладиаторуудын ирүүлийн түүхийн гэрч болсон Ромын задгай театр буюу Колизейд хийх хүсэлт тавьсан байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд энд олон үзэгчийг хамарсан үйл ажиллагаа болоогүй. Илон Маск, Марк Цукерберг хоёр тулаан хийхдээ Колизейд хэдэн зуун тусгай суудал бэлдэх бололтой.

Тулааныг хэзээ явуулах тал дээр хоёр тал тохиролцоонд хүрэхээр ярилцаж, наймдугаар сарын 26 байж болох юм гэсэн ч Илон Маск хүзүү болон нурууны гэмтлийн улмаас МРТ-д ирэх даваа гаригт харуулах учир огноог үүнээс хойшлуулах магадлал өндөр болжээ.

Илон Маскаас яагаад Марк Цукербергтэй тулаан хийх гээд байгаагийн учрыг асуухад “Эрчүүд дайтах дуртай хүмүүс. Тулаан бол дайны боловсон хэлбэр” гэж хариулсан юм. Мөн Илон Маск өөрөөсөө 10 гаруй насаар дүү, жиу-жицугаар хичээллэж, чамгүй амжилтад хүрч буй Цукербергтэй хийх тулааныхаа бүх орлогыг ахмад настнуудад туслах сайн үйлсийн санд хандивлана гэдгээ мэдэгдсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.