Сураггүй болсон “Титан” шумбагч сүйрсэн болохыг тогтоожээ

Сураггүй болсон “Титан” шумбагч сүйрсэн болохыг тогтоожээ

Атлантын далайн ёроолд буй “Титаник” хөлөг онгоцыг үзэхээр 4000 орчим метрийн гүн рүү шумбасан “Титан” шумбагч аппаратын бүхээгт байсан таван зорчигч “хүчтэй дэлбэрэлтийн” улмаас амиа алдсан талаар холбогдох албаныхан мэдээллээ. Ингэснээр дэлхийн хамгийн нэртэй хөлөг онгоцны сэгийн ойролцоо таван хоног явуулсан олон улсын эрэх хайх ажиллагаа дуусгавар болж байна.

Тодруулбал, шумбагч аппаратын сүүл хэсэг зэрэг бусад үлдэгдлийг “Титаник”-аас 480 гаруй метрийн зайнаас олжээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны командлагч Жон Могер, “тухайн хэсэг бол далайн ёроолын маш тааламжгүй орчин бөгөөд аппаратын үлдэгдлүүд нь дэлбэрэлт болсон гэдэгтэй тохирч байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Алсын зайн удирдлагатай төхөөрөмж “Титан” шумбагч аппаратын таван өөр томоохон хэсгийг олсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний аврах ажиллагаа хариуцсан дарга Пол Ханкинс мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр дуулдсан чимээ, үлдэгдэл олдсон газрын хооронд одоогоор ямар нэгэн холбоо хамаарал ажиглагдаагүй байгаа юм байна.

Цаг хугацааны тухайд, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлбэрэлттэй дүйцэх дуу чимээг ням гарагт илрүүлсэн бөгөөд уг мэдээллээ эрэн хайх ажиллагааг ахлан явуулж буй командлагч нарт хүргүүлсэн гэж нэгэн өндөр албан тушаалтан “CNN”-д мэдээлжээ. Гэхдээ уг чимээг “тодорхой бус” гэж дүгнээд байжээ. Ж.Могерын хэлснээр, сүүлийн 72 цагийн хугацаанд  аврагчид усан доор дуу чимээ илрүүлэгч ашигласан бөгөөд "ямар нэгэн сүйрэлт үйл явдал" илрээгүй байна. Эрэн хайх ажиллагааны үеэр сонсох төхөөрөмжүүдийг байрлуулсан ч мөн л дэлбэрэлтийн ямар нэгэн шинж бүртгэгдээгүйг тэрбээр нэмж хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.